Цахим залилангаас урьдчилан сэргийлэх зорилгоор үндэсний хэмжээнд үнэмшилтэй саналд "Хашир бай" аяныг зохион байгуулах талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ), Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ноос мэдээлсэн билээ.
Энэ үеэр залилан мэхлэх гэмт хэргээс сэргийлэх чиглэлд Банк Бус Санхүүгийн Байгууллага (ББСБ)-уудын оролцоотой холбоотой мэдээллийг Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхзулаас тодруулснаа хүргэе.
Сэтгүүлч: Орчин үед олон янзын аппликэйшний зээл цэцэглэж байна. Хувь хүний мэдээлэл л байхад дурын аппликэйшнээс зээл авах боломжтой болжээ. Энэ нь нэг талаас боломж мэт боловч нөгөө талаас иргэдэд олон эрсдэлийг дагуулж байна. Тэгвэл ББСБ-ууд энэ чиглэлд хэрхэн анхаарах вэ?
Тус холбооны ерөнхийлөгч С.Мөнхзул: Бодит цагийн горимоор зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлдэг болсон. Ингэснээр давхар зээл авах эрх хаагдаж байгаа гэсэн үг. Гэхдээ өр, орлогын харьцаа болон зээлийн мэдээллийн оноо нь хүрч байгаа тохиолдолд давхар зээл авч болно.
Журмын шаардлага хангасан нөхцөлд давхар зээл авах эрх нээлттэй. Харин залилангийн шинжтэй үйлдэл буюу журам зөрчсөн тохиолдолд давхар зээл олгохгүй.
Мөн тэрбээр "Одоогоор 300 орчим ББСБ манай холбоонд гишүүнээр элссэн.
Бид гишүүн байгууллагуудтайгаа хамтран 2025 оныг харилцагч төвтэй санхүүгийн жил болгон зарласан. Энэ хүрээндээ тодорхой ажлыг хийж байгаа.
Тухайлбал харилцагчийг хамгаалах олон улсын Cerise SPTF байгууллагатай хамтран ажиллаж, холбооны гишүүн байгууллага болон СЗХ-ны мэргэжилтнүүдийг олон улсын сургалтад хамруулж байна.
Мэргэжилтнүүдийг бэлтгэснээр нийт харилцагч болон иргэдэд санхүүгийн мэдлэг мэдээллийг олгож, боловсролыг түгээх ажлыг хэрэгжүүлж эхлэх юм.
Мөн цахим залилангаас сэргийлэх олон талт энэхүү хамтын ажиллагаанд нэгдсэн. Ингэснээр нийгмийн хариуцлагын хүрээнд гишүүн байгууллагуудаас санхүүжилтийг босгож, энэ аяны мэдээ мэдээлэл түгээх зардлыг тодорхой хэмжээнд бүрдүүлж ажиллаж байна" гэв.
Үргэлжлүүлэн "Сүүлийн жилүүдэд ББСБ-уудын харилцагчид цахим залиланд өртөх боллоо. Цахим залиланд өртөхгүйн тулд хамгийн түрүүнд мэдээллийн эх үүсвэрийг сайтар нягтлах шаардлагатай.
Цахим орчин дахь зар мэдээлэлд хашир байж, цахим залилангаас өөрсдийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг сэргийлэх нь чухал.
Санхүүгийн салбар маань Финтек буюу санхүүгийн үйлчилгээг дижитал хэлбэрээр илүү хурдан, хялбар, аюулгүй болгоход чиглэсэн технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ рүү шилжиж байна. Үүнийг дагаад цахим залиланд өртөж буй хэрэглэгчдийн тоо ч нэмэгдэх хандлагатай боллоо.
Нөгөө талаар залилагч этгээдүүдийн арга барил улам нарийсаж байна. Үүнээс сэргийлэхийн тулд Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтраад холбогдох журмуудад илүү нарийвчилсан өөрчлөлтийг тусгаж, цахим залилангийн эрсдэлийг хаах орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
Жишээлбэл зээлийн мэдээллийн албанд мэдээлдэг зээлдэгчийн мэдээллийг бодит цагаар нэвтрүүлэх, илгээх ажлыг Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанктай хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
Ингэснээр давхар олон газраас зээл авах эсвэл хүний өмнөөс зээл авч өгөөд түүндээ тодорхой хэмжээний урамшуулал авдаг явдал буурна" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!