Уншиж байна ...

С.Батсайхан: Тусгай зориулалтын тоног төхөөрөмжтэй, Хятад улсын мэргэжлийн баг борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын борооны ус зайлуулах шугам хоолойн лаг хагшаасыг тусгай зориулалтын тоног төхөөрөмжөөр цэвэрлэж эхэлжээ.

Энэ тухай ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан "Улаанбаатар хотын борооны ус зайлуулах шугам хоолойг угааж цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Хотын нийт 212 километр урт ус зайлуулах шугам, сүлжээний 30% нь насжилт хэтэрсэн, 1980 онд хийгдсэн байдаг. Эдгээрээс насжилт хэтэрсэн, их хэмжээний лаг хуримтлагдсан хэсгүүдийг судалж, Хятад улсаас тусгай зориулалтын тоног төхөөрөмжтэй, мэргэжлийн баг Барилгачдын гудамж, Чингүнжавын гудамж, Залуусын өргөн чөлөөний 70-80 хувийн дүүргэлттэй шугам хоолойн цэвэрлэгээг гүйцэтгэж байна.

Төв шугамын нэгдүгээр коллекторын өргөх насос станц гэхэд 1987 онд ашиглалтад орсон байдаг. Эдгээр шугам сүлжээний хоолойд их хэмжээний хог хуримтлагдсанаас ашиглалтын нөхцөл хүндэрдэг. Тухайн шугам сүлжээг ухаж авч солихоос илүүтэйгээр цэвэрлэх, угааж буудуулах, доторлогоо хийх орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр тус улсын багтай гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

Хятад улс болон өндөр хөгжилтэй орнууд зам, талбайн борооны ус зайлуулах шугам хоолойг зориулалтын тоног төхөөрөмж ашиглан гүйцэтгэдэг байна. Энэхүү тоног төхөөрөмжийг Монголын эрс тэс, хүйтэн уур амьсгалд тохируулж, ашиглаж эхэлсэн" хэмээн өнөөдөр мэдээллээ.

Борооны ус зайлуулах систем нь 300-2,000 хүртэл диаметртэй байдаг байна. Бага буюу 300-400 диаметртэй шугам хоолойг богино зайд өндөр даралттай усны машинаар буудуулж, цэвэрлэдэг байна. Харин 500-аас дээш диаметртэй шугам хоолойг дээрх аргаар цэвэрлэхэд хүндрэлтэй байдаг тул тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг ашиглан цэвэрлэж байгаа аж.

“Сүнжин Гранд”-ын хойд талд байрлах Зүүн уулын үерийн хамгаалалтын босоо түшиц хана өнгөрсөн зун усархаг борооны улмаас нуржээ. Тус газраас нурсан хэсгийг сэргээн 40 метр урт, 30 метр өргөн, 20 см зузаан шинэ босоо түшиц хана болон тусгаарлах хашлагыг барьж гүйцэтгэсэн гэв.