Уншиж байна ...

Ж.Чинбүрэн: Эмч ажилчдын цалинг ирэх онд үе шаттай 75% нэмэгдүүлж, гурван саяд хүргэх боломжтой

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, зарим шийдвэрийг танилцууллаа. 

Энэ үеэр эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлсийг хэрхэн үе шаттай нэмэгдүүлэх талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өгсөн юм. 

Эмч ажилчдын зүгээс үндсэн цалингаа 15 хувь бус 3.5 сая төгрөгт хүргэж нэмэгдүүлэх шаардлагыг тавьсаар буй. 

Тэгвэл салбарын сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ "Эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь нэмэгдүүлнэ.

Ирэх ондоо багтаж үндсэн цалинг үе шаттайгаар хоёр удаа нэмэгдүүлж, нийтдээ 75 хувь болгосноор салбарын ажилчдын цалин гурван саяд хүрэх боломжтой. 

Өчигдөр орой эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй цалин нэмэх саналаа хэлж уулзсан. Бид урьдчилсан тохироонд хүрэхээр санал нийлсэн" гэдгийг хэллээ. 

Мөн тэрбээр "Засгийн газраас 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгож зарласан. 

Үүнтэй холбоотойгоор 2027 онд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин 3.5 саяд хүрэх тогтолцоо руу шилжихээр бэлтгэл ажилдаа орж байна. 

Цалин нэмэх ажлын эх үүсвэрийг хүмүүс их асуудаг. 

  • Төсвийн урсгал зардлаас 10 хувийг танаж, гол эх үүсвэр 191 тэрбум төгрөг буюу цалинг 15 хувь нэмэх боломж эндээс гарсан.
  • Дараагийн 157 тэрбум төгрөгийг Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн санхүүжилтээс гаргана. Өөрөөр хэлбэл шаардлагатай эх үүсвэрийн үйлчилгээг хумих, гэрээний тоо хэмжээг бууруулах, шаардлагагүй зардлуудыг хасах, сахилга баттай байх, сангийн менежментийг зөв болгох гэсэн олон ажлыг хэрэгжүүлнэ.

Ганцхан жишээ ярихад та бүхэн эрүүл мэндийн хөнгөлөлттэй эмийг мэднэ. Ердөө хоёрхон төрлийн эмэнд жилд 20 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй эмээс зарцуулж байна.

Бид олон шалгалт хийснийг та бүхэн мэдэж байгаа.

Жишээ нь хүний өвчнийг эмчилдэггүй буюу витаминыг хөнгөлөөд долоон тэрбум төгрөг зарцуулж байгаа нь даатгалын мөнгийг үрж буйн хамгийн тод жишээ.

Энэ мэтчилэн сахилга батыг сахиулах олон ажлыг хийснээр 157 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргана.

Хоёр их наяд зарцуулах эрхтэй даатгалын сан маань хоёр их наяд 391 болох нь байна" хэмээн хэллээ.   

"Эрүүл мэндийн салбарынхны цалинг 3.5 саяд хүргэхэд 680 орчим тэрбум төгрөг хэрэгтэй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг үе шаттай нэмнэ. Бидэнд бас авлагууд бий. Жишээ нь хоёр банкнаас 103 тэрбум төгрөг авах авлагатай. Нийгмийн Даатгалын Сангаас баланс тэнцэтгэлээрээ 103 тэрбум төгрөг авах мөнгө байгаа. 

Ирэх жил төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, эрсдэлийн сангаа чөлөөт үлдэгдэл дээрээ нэмээд цалинг нэмэх гаргалгаа болж 210-аад тэрбум төгрөг хүрч байгаа. 

Залуу эмч нар 1,484,000 төгрөгийн цалин авч байгаа. Харин 2026 оны нэг сард 30 хувь нэмэхэд 1,929,000 болно. Нийтдээ 75 хувь нэмсний дараа 2,597,000 төгрөг болох жишээтэй.

Хамгийн дээд ангиллыг яривал одоо байгаа 1,800,000 төгрөг маань 30 хувь нэмсний дараа 2,346,000 болно. Ингээд 75 хувь нэмсний дараа 3,258,000 төгрөгт хүрнэ.

Энэ саналыг одоо эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэл рүү явуулах гэж байна. Өчигдөр орой ярьж тохирсноор яг энэ саналаар нь явуулж байгаа.

2027 онд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 3.5 сая хүргэж нэмэгдүүлэхэд ойролцоогоор ЭМДС-д 680 орчим тэрбум төгрөг хэрэгтэй. 

Ингэж нэмэгдэх нөлөөллийг анхаарч, даатгалын санг зузаатгах асуудлыг гурван яам, гурван сайдад үүрэг болгосон тэмдэглэл өнөөдөр гарлаа" хэмээн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ярив. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/897704363206645