Уншиж байна ...

Ч.Нарантуяа: Одоо ажил хаяхад гуравхан хоног үлдсэн шүү

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг шат дараатайгаар 3.5 сая болгох шаардлагыг дахин тавьж Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. 

Тэдний зүгээс "Ирэх Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 12-нд үндэсний хэмжээнд жагсахаар бэлтгэж байна.

Эрүүл мэндийн салбарынхан ажил хаяж чадахгүй гэж бодож байгаа бол эндүүрэл.

Эмч, ажилтнууд бид нийтээрээ ажлаас гарах өргөдлөө өгье гэж хүртэл ярьж байгаа. Бидний тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй бол хүндэрсэн нөхцөл байдал үүсэж байна гэдгийг төр засагт мэдэгдье" хэмээлээ. 

Үргэлжлүүлэн "Одоо ажил хаяхад гуравхан хоног үлдсэн шүү.

Олон мянган эмч ажилтнуудынхаа итгэл, хүлээлтийг нь хөсөрдүүлэхгүйн тулд эрхэм төрийн түшээд та бүхэнд хандаж, энэхүү хэвлэлийн хурлаар албан ёсоор үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэж нэмэгдүүлэх шаардлагыг дахин мэдээлж, шаардаж байна.

Бид шуудхан 3.5 сая болго гэхгүй ээ. Хэлэлцээрийн ширээний ард сууна.

2026 оны 

  • Нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь
  • Долдугаар сарын 1-нээс 15 хувь гэх мэтчилнээр тооцоолол томьёоллоо гаргаж, хамтраад ажиллая гэхээр Төсвийн байнгын хорооны дарга нь “Шууд 3.5 сая төгрөг хүргэх боломж байхгүй" гэж яриад байх юм" гэдгийг Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа хэллээ. 

Мөн "Эмч ажилтнуудын цалинг нэмэхгүй байгаа асуудал бол туйлын харамсалтай. 

Төрөөс төсвийг хязгаартай байдаг гэж ярьж байгаа боловч төсвийн мөнгийг хайр найргүй урсгадаг жишээ цөөнгүй бий.

Жишээ нь:

  • Барилгын суурь нь ч тавигдаагүй, оршин суугчгүй "Эко товер" Хүннү хотын захирагчийн ажлын алба сард 19.2 саяын түрээс төлж, жилд 163.7 тэрбум төгрөгийн түрээсээр ажиллаж байна.
  • Чингис хаан үндэсний баялгийн сан сард 19 сая төгрөгийн түрээс жилдээ 228 сая төгрөгийн түрээсийн мөнгө төлж байна.
  • "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨҮГ сарын 19 сая төгрөгийн түрээс төлж, жилд 228 сая төгрөгийн түрээс
  • Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа сарын 26 сая төгрөг, жилд 312 сая төгрөгийн түрээс төлж байна.
  • Манай улс далайгүй ч "Далайн захиргаа" гэж байгууллага ажиллаж байна. Энэ газарт 30 гаруй хүн ажилладаг бөгөөд сард 30-33 сая төгрөгийн түрээс төлж, жилд 400 орчим сая төгрөгийг түрээсийн зардалд өгч байгаа.
  • "Сэлбэ 20 минутын хот" гэх газар жилд нийт 216 сая төгрөгийн түрээс төлж байна.

Эдгээр түрээсийн мөнгийг нийлүүлж бодоход жилд 1.5 их наяд төгрөгийн төсвийн мөнгийг түрээст зарцуулж байгаа юм. Энэ бол эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд хангалттай мөнгө.

Бидний тооцооллоор 1.2 их наяд төгрөг хэрэгтэй байгаа.

Яармагт байгаа Хангарди ордондоо түрээсээр ажиллаж буй байгууллагуудаа аваач л даа. Тэгвэл бидний цалин мөнгө нэмэгдэх боломж нээлттэй байна.

Төсвийн мөнгийг ингэж түрээсийн зардалд гоожуулах нь зүйд нийцэж байна уу?

2026 оны төсөв дээр 1.1 их наяд төгрөгийг тэвчиж, танаж болох зардал байна. УИХ-д сонгогдсон гишүүд өөрсдийнхөө тойрогт хөрөнгө мөнгө, төсөв хуваарилж авахыг маш их хичээж ажилладаг юм байна.

Жишээ нь:

  • Баян-Өлгий аймагт цэцэрлэгт хүрээлэн барихад 7.5 тэрбум
  • Архангай, Өвөрхангай аймагт зам тавихад 30 тэрбум
  • Анагаахын их сургуульд спорт заал барихад 10 тэрбум төгрөг
  • Хангайн бүсэд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж авах зардал гэх мэтчилэн тэвчиж болох маш их зардал байна шүү дээ.

Эдгээрийг нэг удаа тэвчээд яагаад эмч ажилтнуудын цалин хөлсийг нэмж болдоггүй юм бэ. Зөвхөн өөрсдийнхөө өнөө маргаашийг бодсон ийм увайгүй зангаа болиоч ээ.

Мөн нэг гайхалтай юм нь цахим дэлгүүрт "байршуулах барааны тоог нэмэгдүүлнэ" гэсэн асуудал мөн яригдаад эхэлжээ.

Би Сангийн сайдад хандаж хэвлэлийн хурал болгоноор хэлж байгаа. Та эрүүл мэндийн салбарынханд яасан хайр найргүй ханддаг хүн бэ. Салбарын ажилчид энд чардайтлаа ажиллаж байна шүү дээ.

Эрүүл мэндийн сайд цалин нэмэх талаар нэг ч үг дуугарахгүй. Зөвхөн Засгийн газраас шийдсэн 15 хувийг л 2026 онд эрүүл мэндийн салбарынханд өгнө гэж ярьж байна.

2025 онд эрүүл мэндийн салбарт 2.2 их наядыг тавьсан ч бидний санхүүжилтийн үйл ажиллагаа хүрэхгүй байна гэж яриад байгаа. 

Тэгвэл дахиад 2026 оны улсын төсвийг 2.2 их наядаар батална. Хүмүүс яаж үйл ажиллагаа явуулж чадах юм бэ? Эмнэлгүүдэд нөхцөл байдал маш хүндэрсэн. Үүнд арга хэмжээ авахгүй бол бид дараа дараагийн арга хэмжээгээ авна" гэдгийг хэлж байлаа.