"Илгээлтийн эзэд - 2,100" хөтөлбөр буюу Ерөнхийлөгчийн тэтгэлгээр гадаад улсын их, дээд сургуульд суралцаж буй залуусын төлбөрийг цаг хугацаанд нь шилжүүлэхгүй байгаа асуудлаар эцэг, эхчүүд өнөөдөр мэдээлэл хийсэн.
Үүний хариу тайлбарыг Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гийн Ажлын албаны даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч О.Сийлэгмаа өглөө.
Үүнд сургалтын төлбөр, дотуур байрны зардал, сарын хүнсний мөнгийг олгодог.
Гол асуудал нь өмнөх улирлын дүнгээ ирүүлж байж дараагийн улирлын санхүүжилтээ авах ёстой. Гэтэл олон нийтийн сүлжээнд нэлээд бичиж, шүүхэд ч хандаад байгаа нэг хүүхдийн жишээг танилцуулъя. Тухайн хүүхэд 2024 оны есдүгээр сард мөнгө авсан, 2024 оны арваннэгдүгээр сард дүн нь гараагүй байхад дараагийн улирлын мөнгөө нэхсэн.
Суралцагчид сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, тэр байтугай фитнесийн зардлыг хүртэл авна гээд нэхэмжилдэг. Гэтэл зээлийн сангаас сургалтын төлбөр, дотуур байрны зардлын тодорхой хэмжээг даана. Мөн энэ хүүхэд 2024 оны 9-10 дугаар сард жилийн 8,000 ам.долларын дотуур байранд сууж байсан бол 2025 оны есдүгээр сараас жилийн 21,000 ам.долларын дотуур байранд сууна гэсэн. БЗС Америкт суралцаж байгаа хүүхдүүдэд олгох дотуур байрны зардлын дээд хэмжээ 15,000 ам.доллар. Энэ хүүхэд хаваржин илүү дутуу зардал нэхэхээр нь журамласан зардлаа л өгнө гэж хариулсан болохоор байраа сольсон уу бүү мэд. 8,000 ам.долларын байр нь 21,000 ам.долларынх болчихсон.
Татвар төлөгчдийн мөнгөөр олгогдож буй энэ тэтгэлэг нь амжилттай суралцсан хүмүүст тодорхой хязгаартайгаар өгдөг.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн тэтгэлгээр Хятадад суралцаж байгаа хүүхдүүд дүнгээ ирүүлдэггүй. 110 хүүхдийн дүнг 2025 оны есдүгээр сарын 1-нээс хойш сургууль руу нь мэйл бичээд, сүүлийн дүн нь аравдугаар сарын 27-нд ирснээр тэтгэлэг олгох нөхцөл бүрдсэн.
Мөн Англид зээлээр ч бай, Ерөнхийлөгчийн тэтгэлгээр буй суралцаж байгаа хүүхдүүдэд гардаг асуудал нь төлбөрөө бүтэн жилээр нь авъя гэдэг. Тэгээд гуравхан хичээл судалсан байх нь бий. Жилийн төлбөр нь 56,000 ам.доллар, дотуур байр нь өндөр байдаг. Энэ мэт олон асуудлыг харгалзаж, гэрээг дүгнэж байж тэтгэлийг олгож байгаа.
Түдгэлзүүлсэн 26 оюутан байгаа. Амжилтгүй суралцсан учраас энэ улирлын санхүүжилтийг зогсооно. Цаашид амжилттай сурвал үргэлжлүүлнэ. Түдгэлзсэн хугацааны санхүүжилтийг хүүхэд өөрөө хариуцна.
Татвар төлөгчийн мөнгийг манаж байгаагийн хувьд үр ашигтай, хяналттай зарцуулах ёстой гэж бодож байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!