Уншиж байна ...

"Ерөнхийлөгчийн илгээлт"-ээр суралцдаг хүүхдийн төлбөрийг БЗС хугацаанд нь шилжүүлээгүйн улмаас шүүхэд дуудагджээ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Ерөнхийлөгчийн илгээлт" хөтөлбөрт хамрагдсан залуус Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гийн үйл ажиллагааны доголдлын улмаас шүүхэд дуудагдах хүртлээ нөхцөл байдал нь хүндэрч буй талаар ар гэрийнхэн нь өнөөдөр мэдээлэв.

Цаг хугацаанд нь төлбөр шилжүүлдэггүйн улмаас хүүхдүүд хичээлдээ суух эрхгүй болох, байрнаасаа хөөгдөх зэрэг олон асуудалтай нүүр тулж байгаа аж.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
"Ерөнхийлөгчийн илгээлт" хөтөлбөрт хамрагдагчийн аав "БЗС холбогдох санхүүгийн бичиг баримтуудыг үндэслэн ажлын 15 хоногт төлбөрийг шилжүүлэх үүрэгтэй. 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд миний хүүхдээс ирүүлсэн нэхэмжлэхийн дүнг үндэслэн ажлын 15 хоногт шилжүүлэх ёстой байтал 2025 оны гуравдугаар сарын 27-нд шилжүүлсэн. Төлбөр хоцроосон гэх үндэслэлээр торгууль үүсгэж ар гэрээр нь төлүүлсэн.

Ингэж болохгүй гэж бодож байна. 2025 оны хаврын улирал буюу I курсийн хоёрдугаар семестрээс эхлэн II курс төгсөх хүртэл БЗС гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас эцэг эхчүүдээс 50 орчим сая төгрөгийн зардал гарахаар байгаа. Жирийн айл өрхийн хувьд ийм хэмжээний төлбөр төлөх боломжгүй. 

Энэ намар манай хүүхдийн байрны төлбөрийг өгөөгүйн улмаас мужийнх нь шүүх дуудсан асуудал хүртэл гарлаа. Түүнээс өмнө хөөх мэдэгдэл нь удаа дараа ирж байсан. Ийм нөхцөл байдал яагаад үүсгэж байгаа юм бэ. Олон хүүхдийн хоолны зардлыг өгөхгүй удах асуудал ч их гарч байна. Хятад улсад байгаа 60 гаруй хүүхдийн хоолны мөнгийг өгөөгүй хэвээр байгааг надад мэдэгдсэн" гэв.

Мөн тэрбээр БЗС гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас эцэг эхчүүд төлбөрийн дарамтад орж, хүүхдүүд шантарч байгааг хэлж байлаа. Төр нь хүүхдүүдээ сонгоод, хүүхдүүд нь төрдөө итгээд явж байхад шүүхэд дуудагдаж, сар бүр байрнаасаа хөөгдөх шахаж, төлбөрөө цагт нь төлөөгүй улмаас торгууль үүсэж байгаа нь олон айлд хүндрэл учруулж байгааг хэллээ.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав