ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар хотод цас цэвэрлэгээ 05:30 цагаас эхлэн үргэлжилж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод шөнийн 04:39 цагаас цас орж, салхины хурд зарим үед 18-24 м/с хүрч ширүүсэж байна.

Хот тохижилтын газраас мэдээлснээр өнөөдөр өглөөний 05:30 цагаас эхлэн хариуцсан гудамж, зам, гүүрэн байгууламж, төв талбай зэрэгт тусгай зориулалтын зам цэвэрлэгээний техник болон бичил техниктэйгээр 31 ажилтан цас цэвэрлэгээнд гарчээ. Харин иргэн, ААН-үүд орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг 42 байгууллагын 150 инженер техникийн албан хаагчид, 981 зам талбайн үйлчлэгч, 234 машин техник, 130 гар төхөөрөмжөөр зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Хотын есөн дүүргийн хэмжээнд 42 байгууллагын 150 инженер техникийн албан хаагчид, 981 зам талбайн үйлчлэгч, 234 машин техник, 130 гар төхөөрөмжөөр нийтийн эзэмшлийн гудамж, авто замын цасыг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлэх давс, бодисыг цацаж байгаа бөгөөд авто замын нөхцөл байдал хэвийн. Цас үргэлжлэн орох тул бэлэн байдлыг хангаж байгааг УБЗАА-наас мэдээлэв.

Цас орох урьдчилсан мэдээний дагуу давс цацагч машинуудыг цэнэглэж, багаж тоног төхөөрөмжүүдийг бэлтгэн халтиргаа үүсэж болзошгүй замд хайрцагтай давснууд байршуулсан байна.

Өнөөдөр Улаанбаатар хот, Багануур, Тэрэлж орчмоор их цас орж, цасан шуурга шуурна хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээлээд байна. Иймд явган зорчигчид гудамж талбай, налуу газар болон шат довжоо, гялгар хавтан зэрэг халтирч унах эрсдэлтэй орчинд болгоомжтой явахыг ГССҮТ-өөс зөвлөв.