"Хүннү хотын цэвэрлэх байгууламж 20-25 мянган хүн амын бохир усыг татан зайлуулах хүчин чадалтай"
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндийд байгуулагдаж байгаа Хүннү хотын цэвэрлэх байгууламжийг "Комфорт Импекс" ХХК барихаар шалгарчээ.
Нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хоногт 3,000 м.куб ахуйн бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийн бүтээн байгуулалтыг тус компани өчигдөр эхлүүлсэн байна. Цэвэрлэх байгууламж нь 20-25 мянган хүн амтай хотын бохир усыг татан зайлуулах хүчин чадалтай гэж тус хотын захирагч танилцуулав.
Энэ онд ажлын талбайн бэлтгэл, барилгын зөвшөөрөл, тоног төхөөрөмжийн захиалга, гадна цахилгаан угсралт, хашааны ажлуудыг гүйцэтгэх бол 2026 оноос үндсэн барилгыг угсарч, 2027 оны сүүлээр улсын комисст хүлээлгэн өгөх гэрээтэй байна. Цаашид 20 мянган м.куб ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барихаар төлөвлөжээ.
УИХ-аас 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр "Хүннү хотын эрх зүйн байдлын тухай" хууль болон "Хот байгуулах тухай" тогтоолыг баталж, хотын эдэлбэр газрыг 31,501.3 га байхаар тогтоосон байдаг. Тус хотод 150 мянган хүн оршин сууж, 80 мянган ажлын байр шинээр бий болно гэж тооцоолжээ. Их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргааны болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолборыг тус хотод төвлөрүүлэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
