Нийслэл хотын ус, дулаан, цахилгаан, инженерийн хангамж, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг өнөөдөр танилцууллаа.
Энэ тухай УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл "Улаанбаатар хотын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил аравдугаар сарын байдлаар 95 хувьтай байна.
Оны эхнээс төлөвлөж, хэрэгжүүлсэн 750 нэр төрлийн буюу ус, дулаан, цахилгаан, инженерийн шугам сүлжээнээс гадна дэд бүтцийг шинэчлэх болон тохижилтын ажил дуусаж байна.
Одоогийн байдлаар дулаан эрчим хүчний горим тогтворжиж байна. Энэ сараас хотын дулаан хангамж хэвийн горимд орчихвол өвлийн бэлтгэл ажил хангагдах юм.
Нийслэлийн төсвийн болон Засаг даргын нөөц хөрөнгөөр зарим сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зэрэг 30 дотор засварын ажлыг хийж байгаа.
Энэ жил 80 гаруй километр дулааны шугам, 100 гаруй километр авто замыг өргөтгөн шинэчиллээ. Үүнээс дулаан хангамжийн 15.6 километр гол шугамыг өргөтгөснөөр Зайсан, Баянмонгол хороолол, Төмөр зам, хотын төв, VI Бичил хорооллын айл өрх, ААН-үүдийн халаалт сайжирч байгаа" гэлээ.
Өнгөрсөн жилээс эхлэн жил бүрд авто зам дагасан 20 орчим километр борооны ус зайлуулах шугамыг хийснээр ирэх жилээс ус тогтдог байдал арилна гэж тэрбээр амлав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!