Уншиж байна ...

"Гэр хорооллын айлуудад худалдаж байгаа угаасан нүүрс нь хүхэрлэг хий, тоосонцрын агууламж ихтэй"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагаас эхлэн гэр хорооллын айл өрхүүдэд миддлингийн шахмал түлш болон хагас коксон түлш дээр нэмж, угаасан нүүрсийг худалдаж эхэлж буйг НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлсэн. Угаасан нүүрс нь миддлингийн шахмал түлштэй адил, нэг шуудай нь 3,750 төгрөг байна.

Шинээр худалдаж эхэлсэн угаасан нүүрсний шинж чанарын тухай "Тавантолгой түлш" компаниас тодруулахад "Угааж баяжуулсан нүүрс гэдэг нь байгалийн нүүрсийг угааж, шороо тоосноос нь салгасан гэсэн үг юм билээ.

Угаасан нүүрсийг шахмал түлш болон хагас коксон түлштэй харьцуулбал хүхэрлэг хий, PM2.5, PM10 тоосонцрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн.

Агаарын Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны аравдугаар сарын 8-ны өдрийн тогтоолд угаасан нүүрсийг иргэдэд худалдаалж болно гэсэн заалт бий. Зарим иргэн түүхий нүүрс түлэх санал гаргасан учраас барьцалдуулагчгүй, угаасан нүүрсийг сонголт болгож буйг хотын удирдлагууд хэлж байгаа. Угаасан нүүрсийг Шувуун фабрик, Өлзийт, Био, Ботаник зэрэг хотын захын хорооллын айл өрхүүдэд 7-10 хоног худалдан борлуулах чиглэл өгсөн. Гэхдээ угаасан нүүрс нь нь хүхэр, тоосонцрын агууламж өндөртэй учраас агаарын бохирдол ихсэх, ухралт юм. 

Угаасан нүүрсийг Энержи ресурс компаниас нэг тонныг 110,000 орчим төгрөгөөр авч, иргэдэд нэг шуудайг нь 3,750 төгрөгөөр худалдан борлуулж байна.

Арванхоёрдугаар сараас зөвхөн хагас коксон түлшийг худалдан борлуулна" гэлээ.

Өнөөдөр борлуулалтын 339 цэгт 2,410 тонн түлш хүргэгдэж байгаагаас 740 тонн миддлингийн шахмал түлш, 1,670 тонн угаасан нүүрс байна.

Харин миддлингийн барьцалдуулагчтай 40 мянган тонн шахмал түлшнээс 7,000 гаруй тонн үлджээ.