Уншиж байна ...

Хотула аппликэйшн ашиглаж шахмал түлш цуглуулан нам даралтын зуухтай иргэн, ААН-д зарсан тохиолдол гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын гэр хорооллын айл өрхүүдэд түлш борлуулж байгаа 397 цэгээс 315 нь 2,000 гаруй тонны нөөцтэй хонодог байна.

Иргэд Хотула аппликэйшн ашиглан цэгүүдийн түлшний нөөцийг харах боломжтой. Нүүрсний цэгүүдэд түлшний нөөц хурдан дуусдаг асуудлыг судалж, Хотула аппликэйшний давхардлыг арилгах ажил үргэлжилж байна НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Тухайлбал Хотула аппликэйшнийг давхар ашиглаж түлшийг тодорхой хэмжээгээр цуглуулан нам даралтын зуух хэрэглэдэг иргэн, ААН-д 10-15 мянган төгрөгөөр зарж байсан бол Налайх, Эмээлтийн постоор 95 шуудай түлш гаргах гэж байсан зөрчил илэрчээ. Иймээс түр оршин суугчийн нэрээр авсан 33,000 картыг идэвхгүй болгож, нэг өрхөд нэг карт гэсэн системээр ажиллаж байгаа аж.

Иргэд Хотула апп, Сайн карт болон иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулаад коксон шахмал түлш, сайжруулсан шахмал түлш болон 7-10 хоногийн хугацаанд угааж баяжуулсан миддлинг түлшийг худалдаж авах боломжтой байна.

Ирэх арванхоёрдугаар сараас нийслэл хотын гэр хорооллын айл өрхүүдийг 100 хувь хагас коксон шахмал түлшний хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөжээ.