"50 байршилд төлбөртэй зогсоол байгуулахаас 13 байршилд хийгдэх ажлын зураг төслийг боловсруулж байна"
Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл болон авто зогсоол, дугуйн зам төслийн явцын талаар Хяналт-Шинжилгээ, Үнэлгээний Газраас өнөөдөр танилцууллаа.
Энэ тухай НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-аас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж буй. Үүнээс 13 байршилд хийгдэх ажлын зураг төслийг боловсруулж байна.
Хот байгуулалт, хотын стандартын газраас авто зогсоол байгуулах 40 байршлын жагсаалтыг гаргаж, загвар зураг боловсруулжээ. Эдгээр 40 байршлаас 30 байршилд нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулахаар бэлтгэл хангаж байна.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 75.17 км урт дугуйн болон явган хүний замын барина. 2026 онд эхний ээлжийн 12.9 км дугуйн зам, 555 метр явган хүний гүүрэн гарцыг барихаар зураг төслийг боловсруулж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 750 төсөл, арга хэмжээг төлөвлөснөөс 2025 оны аравдугаар сарын 31-ний байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Ус, дулаан, цахилгаан, инженерийн хангамж, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 86-100 хувьтай хэрэгжиж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 6,889.8 тонн давс, 7,127.6 тонн бодис, 1,003.4 метр куб дайргын үлдэгдэлтэй байна" гэв.
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэн НИТХ-ын 2019 оны тогтоолоор “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийслэлийн хэмжээнд авто зогсоолын менежментийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 50 авто зогсоолын менежментийг сайжруулахаар 2023 оноос эхлэн “Эн Ти Би” компани ажиллаж байна.
Эдгээр авто зогсоол нь цахилгаан автомашин цэнэглэх систем, автомат төлбөрийн систем зэргийг агуулна. Ингэснээр иргэд нэгдсэн системд холбогдож, авто зогсоолыг урьдчилж захиалах зэргээр яаралтай болон хугацаа хэмнэх арга хэмжээг авах боломжтой юм. Тиймд иргэдийн ая тухтай хөдөлгөөнд оролцох байдлыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих хүрээнд эдгээр авто зогсоолын төслүүдийг хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар 23 байршлыг зогсоол болгон тохижуулах ажил эхэлсэн. “Кэй эйч апартмент”, Спортын төв ордон зэрэг байршилд эхний ээлжийн тохижилтын ажил бүрэн дууссан. Мөн хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан ажлууд түр хугацаанд зогсох бөгөөд ирэх оны хавраас тохижилтын ажил үргэлжилнэ” хэмээн ярилаа.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2025 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлэх, түлшний борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдэд түлшийг хүртээмжтэй байдлаар олгох ажлуудыг шуурхай зохион байгуулах, авто тээврийн шалган бүртгэх товчоо, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад тавих хяналтыг эрчимжүүлэхээр болжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
