Уншиж байна ...

ЭХЭМҮТ болон УНТЭ ажил хаяхгүй гэдгээ мэдэгдлээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн салбарын төсвийн санхүүжилтийг нэмэхгүй бол эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаяна гэж үйлдвэрчний эвлэлийн холбоо нь мэдэгдээд байна. 

Тодруулбал өчигдөр оройн байдлаар уг хөдөлгөөнд эвлэлдэн нэгдсэн 20 гаруй эмнэлгүүдийн үйлдвэрчний эвлэлийн хороо нь нийт ажилтныхаа хурлыг хийж тэмцэл хөдөлгөөнийг дэмжин, ажил хаяхад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Хэрэв энэ асуудалд арга хэмжээ авахгүй бол 21 аймаг 360 гаруй сумын эмнэлгийн ажилтнууд бүгд эвлэлдэн нэгдэж үндэсний хэмжээнд ажил хаялтыг зохион байгуулна гэдгийг Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос онцолсон.

Харин ажил хаявал Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(ЭХЭМҮТ), Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг(УНТЭ) нэгдэхгүй гэдгээ албан ёсоор зарлав.

ЭХЭМҮТ-өөс Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос дэвшүүлсэн цалин хөлсийг нэмэгдүүлэх саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд "Эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үндэсний лавлагаа төв, улсын онцгой объект болохын хувьд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллах үүргийн хүрээнд ажил хаялтад оролцохгүй болохыг мэдэгдэж байна" гэжээ.

зураг
 

УНТЭ мөн цалин хөлс нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа хэмээгээд "Иргэдийн эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах үүргийн хүрээнд ажил хаялтад оролцохгүй болохыг мэдэгдэж байна" гэсэн байна.

Тус эмнэлэг нь улсын хэмжээнд 22 чиглэлээр лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг.

зураг