Уншиж байна ...

"Эрүүл мэндийн салбарын төсвийн санхүүжилтийг нэмэхгүй бол эмч нар үндэсний хэмжээнд ажил хаяна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 31
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө цалин хөлсөө нэмэгдүүлж 3.5 сая төгрөгт хүргэх тэмцэл хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа юм. Уг асуудалтай холбоотойгоор МҮЭХ болон Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос цаг үеийн асуудлаар өчигдөр орой мэдээлэл хийлээ. 

Өчигдөр оройн байдлаар уг хөдөлгөөнд эвлэлдэн нэгдсэн 20 гаруй эмнэлгүүдийн үйлдвэрчний эвлэлийн хороо нь нийт ажилтныхаа хурлыг хийж тэмцэл хөдөлгөөнийг дэмжин, ажил хаяхад бэлэн байгаагаа илэрхийлээд байгаа юм байна. Хэрэв энэ асуудалд арга хэмжээ авахгүй бол 21 аймаг 360 гаруй сумын эмнэлгийн ажилтнууд бүгд эвлэлдэн нэгдэж үндэсний хэмжээнд ажил хаялтыг зохион байгуулна гэдгийг Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос онцлов. 

"Эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлж байхад яамнаас дарамтлаад байдаг нь Ардчилсан нийгэмд байх ёс зүй мөн үү?"

Үргэлжлүүлэн тус холбооны дарга Ч.Нарантуяа "Энэхүү тэмцэлтэй холбогдуулан байгууллагын дарга нарыг ҮЭ хурал хийх юм бол арга хэмжээ авна, албан тушаалтай чинь ярина гэсэн дарамт шахалтыг өгөөд эхэлсэн байна. Хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхэд халдаж ажил хаялтад оролцохгүй гэх шийдвэрийг гаргатал нь нөлөөлж байгаа нь ил тод дарамт юм. Маргааш хурлаа хийх гэж байгаа эмнэлгүүдийн ҮЭ-ийг хурлыг нь хийлгүүлэхгүй, нэг ч хүнийг гарын үсгийг зуруулахгүй гэж дарамталж байна. Эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлж байхад яамнаас дарамтлаад байдаг нь Ардчилсан нийгэмд байх ёс зүй мөн үү? 

Олон жил цалин багатай ажилласан ч өргөсөн тангарагтаа үнэнч гээд юм хэлдэггүй байсан. Одоо цаг үе өөр болсон. Улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэм гэсэн шаардлагыг тавьж байгаа. Төсвийн олон нээлттэй хэлэлцүүлгийг хийсэн ч нэг ч саналыг нь оруулаагүй байна. 

"Ард иргэдийг үх гэж байгаа юм уу?"

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг 3 их наядаар төсөвлөсөн байхад УИХ-д 2.2 их наяд болгож буруулсан байна. Ард иргэдийг үх гэж байгаа юм уу? Одоо эмнэлгүүдийн төсөв нь хүрэхгүй бэрхшээлтэй байна. Цаашид энэ тэмцлийг үр дүнд хүртэл нь зохион байгуулна. Ажил хаялтаа эхлүүлнэ. Үүнээс өөр гарах арга зам алга. 

Тусгай мэргэжил шаардахгүй энгийн ажилтнуудаас ч бага цалин авч байна. Эмнэлгийн дарга нарыг яамнаас нь дарамтална. Ажилчид нь цалин, илүү цагийг өг гээд дарамтална. Эмнэлэг шал угаах вок, савангийн ч мөнгөгүй болчихсон байгаа шүү дээ.  Энэ нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлснөөс илүү Монгол улсын иргэдийн амь нас дээсэн дөрөөн дээр байгаа гэдгийг олон удаа хэлж байгаа. 

Маш олон танаж болох зардлуудыг танаж болохгүй байгаа юм уу? Энэ бол засаг төрийн боомилолтод ордог асуудал биш. Ардчилсан нийгэмд ажиллаж байгаа хөдөлмөрчид эрхээ эдлэх нь туйлын зөв" гэв.