ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Хувийн эмнэлгүүд дампуурвал улсын эмнэлгийн хүлээлгэ улам нэмэгдэнэ"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 10 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хувийн Хэвшлийн Эрүүл Мэндийн Байгууллагын Нэгдсэн Холбоо, гишүүд дэмжигчдийн төлөөлөл эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах ёстой сангийн мөнгөнөөс 543 тэрбум төгрөгийг Ковид-19-д зарцуулсныг хэн тоносон болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 18 мянга гаруй ажилчдын төлөөлөл тэмцэлд нэгдэх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хувийн эмнэлгийн төлөөлөл "Төр засгийн ойлгомжгүй бодлогоос болж цаашид эмнэлгээ яах вэ гэсэн байдалд ороод байна. Монголын эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны нийт 30 хувь нь хувийн эмнэлгүүдээр дамжиж хийгдэж байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад нийт 18,000 гаруй хүн ажиллаж байна. 

Сүүлийн үеийн хамгийн дэвшилтэд оношилгоо эмчилгээний аргууд ихэвчлэн хувийн эмнэлгүүдээр дамжиж тархдаг. Энэ том армийг ашиглахгүй юм уу? 

2025 онд Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт буурсан гэх нэрээр хувийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг 65 хувь хумьсан. Үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй байдалд хүрч байна. Эцэст нь даатгалаа төлсөн иргэд л хохироод байна.

Улсын эмнэлэг 2, 3 сарын хүлээлгэтэй байдаг шүү дээ. Хувийн эмнэлгүүд дампуураад эхэлбэл 2 сар байдаг байсан улсын эмнэлгийн хүлээлгэ 4 сар болно. Яаралтай ирсэн хүмүүс үйлчилгээгээ яаралтай авдаг байсан бол одоо доголдож байна. Хувийн эмнэлгийн бие даан үйлчилгээгээ явуулах чадамжтай мэргэшсэн эмч нарын армийн хүч үнэгүйдэлд хүрээд байна. 

Даатгалын сан хоосроход төр захиргааны буруу бодлого нөлөөлснийг Үндэсний аудитын газраас гаргасан судалгаанууд бий. 

  • 2000 онд 700,000 гаруй үзлэг даатгалын сангаас санхүүждэг байсан бол 2024 онд энэ тоо 2.4 сая болж өссөн нь хэт их тооны араас хөөцөлдөж даатгалын сангийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан явдал юм. 
  • Оновчгүй эрт илрүүлгийн шинжилгээнүүдийг оруулж ирсэн. Хүүхдээс эхлээд бүгдэд нь биохимийн шинжилгээ хийж байгаа нь цаанаа ямар нэгэн компанийн үйл ажиллагааг бодлогоор дэмжсэн. 
  • Эрүүл мэндийн даатгалын ялгаатай гэрээ хийсэн. Заримд нь хэт өндөр гэрээ хийсэн. 
  • Оношны квот өгсөн нь эмч нарыг мэргэжлээ зөв шударга хийхэд буруугаар нөлөөлсөн. 
  • Мэс засал шүтсэн бодлого баримталсан нь цаанаа ямар үйлчилгээг дэмжээд байна вэ гэсэн хардлагыг үүсгэсэн.
  • Оношоор нь иргэдээ ялгаварлан гадуурхсан" гэв. 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав