"ЭМД-ын сан чинь хоосорчхоод байна. Ард түмний мөнгө шүү дээ. Иргэд 100 хувь төлбөрөө төлөөд үйлчилгээ авч байна"
Монголын Хувийн Хэвшлийн Эрүүл Мэндийн Байгууллагын Нэгдсэн Холбоо, гишүүд дэмжигчдийн төлөөлөл эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах ёстой сангийн мөнгөнөөс 543 тэрбум төгрөгийг Ковид-19-д зарцуулсныг хэн тоносон болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 18 мянга гаруй ажилчдын төлөөлөл тэмцэлд нэгдэх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хувийн эмнэлгийн төлөөллүүд "Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд, Монгол Улсын Засгийн Газар, УИХ-ын гишүүдээ Эрүүл мэндийн даатгалын сан чинь хоосорчхоод байна. Энэ чинь ард түмний мөнгө шүү дээ. Эрүүл мэндийн даатгал төлөгчдийн эрх ашиг хохироод байна.
Эрүүл мэндийн даатгалын сан Эрүүл мэндийн яамны харьяанд очсоноос хойш буюу 2021 оноос хойш дандаа хасалт хийдэг, өртэй байна. Үе үеийн дарга нар ажилчдын цалинг биш өөрийнхөө тойрон хүрээлэгчид болох зөвлөх, туслах болон агентлагийн дарга нарыг нэмсэн. Эсрэгээрээ эмч, сувилагчдаа нэмж, цалин нэмэх ёстой шүү дээ.
Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хэн, хэзээ идсэнийг бид судлаад статистик үзүүлэлтийг нь гаргаад ирлээ. 2026 оны Эрүүл мэндийн төсөв дээр цалин, хангамж биш барилга барих, тоног төхөөрөмж авах мөнгө нэмсэн байна. Гэтэл хүний нөөц чинь байхгүй болоод байна гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм бол?
Эрүүл мэндийн даатгалын дарга нар чинь бүгд ашиг сонирхлын зөрчилтэй байна. Албан тушаалаа урвуулан ашигласан байна. Шалгагдаад байгаа Бямбасүрэн даргын асуудал юу болсон бэ? Эрүүл мэндийн сайд нь гарч ирээд даатгалын ерөнхий газрын даргыг ажлаа буруу хийсэн байна. Хувийн эмнэлгүүдэд давуу эрх олгоод байна гэсэн.
Хувийн эмнэлэг дээр ирж үзүүлж байгаа хүмүүс даатгалаа төлчихсөн байсан ч гэсэн 100 хувь мөнгөө төлөөд үзүүлж байна. Улсын эмнэлэг ч гэсэн адилхан байна. Яаралтай тусламжаар бараг үхэх гээд ирвэл л авна гэж байна шүү дээ.
Зарим сайд дарга нар хувийн эмнэлгүүд даатгалын мөнгийг их авсан гэж ярьж байна. Үгүй шүү дээ. 234 эмнэлэг нийлээд 10 хувийг л авдаг" гэв.
Эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалтай хамтран ажилласнаар элгээрээ хэвтэж байна. Эрүүл мэндийн даатгалын сан санхүүжилт хасаж явсаар сая аравдугаар сарын 1-нээс эхлээд санхүүжилтээ бүр мөсөн зогсоосон. 2022 онд сонгон шалгаруулалтаар тэгш гараанаас бүгд гарна. Та нар бэлэн мөнгө авахгүй. Улсын эмнэлгүүдтэй адилхан даатгалаар үйлчилнэ гэж хэлээд гэрээ хийчхээд түүнийхээ мөнгийг өгөхгүй байна.
Үүнээс үүдэж цалингаа тавьж чадахгүй байна. 6 сараас хойш нийгмийн даатгалаа төлөөгүй учир ажилчид ажлаасаа гарч байна. Эмнэлгүүд эмийн компаниудад өрөнд орж байна. Хийсэн гэрээгээ хууль ёсны дагуу биелүүлэхгүй байнга зөрчдөг" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


