Ж.Батжаргал даргатай МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зохион байгуулж мэдээлэл өглөө.
Тус намын бүлгийн нөгөө хэсэг болох Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүдийн зүгээс бүлгийн хуралдааныг түр хойшлуулсан гэх мэдээлэл өгч байгаа бол Ж.Батжаргал тэргүүтэй бүлэг өнөөдөр хуралдаж, төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.
Гэхдээ Ж.Батжаргалын бүлэг 40 гаруй минут хэвлэлийн хурал зохиохдоо өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг дахин танилцуулав. Хамгийн чухал нь Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон МАН-ын бүлгийн хуваагдлын талаар байр сууриа илэрхийллээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Өнөөдрийн бүлгийн хуралдаанд 37 гишүүн ирсэн. Намын бүлэг бол УИХ-ын үндсэн бүтэц. Долоо хоног бүрийн Даваа гарагт бүлэг хуралддаг бөгөөд энэ дагуу бид хуралдсан. Бүлгийн хурал хүчинтэй эсэх асуудал яригдсан нь зүй ёсных.
УИХ-ын дэгийн тухай хуулиар бүлгийн гишүүдийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдах заалттай. УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй, үүнээс 37 нь ирсэн. Өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар бүлгийн даргын асуудал яригдсан.
Бүлгийн гишүүдийн олонх нь хурлаа хийх албан шаардлага хүргүүлсэн. Асуудал нааштай шийдэгдэхгүй байгаа учраас ээлжит бус хурлыг олонхоороо хийсэн. Уг хурлаар олонхоороо асуудлыг шийддэг зарчимтай. Үүний дагуу бүлгийн удирдлагыг өөрчлөх тухай асуудал яригдаж, бүх шийдвэрээ УИХ-ын удирдлагад гардуулж өгсөн. Хуулиар бол бүлгийн шийдвэрээ УИХ-ын удирдлагад гардуулж өгснөөр баталгааждаг.
Өнөөдрийн хуралд оролцсон 37 гишүүн цаг үеийн асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэх байр суурьтай байгаа. Улсын төсөв хуулийн хугацаанд батлагдах ёстой, үүний төлөө зорьж байгаа учраас бэлтгэл ажлыг хангуулахаар зорьж байна. Өнгөрсөн Баасан гарагт УИХ 2026 оны төсвийг хуульд нийцсэн гээд гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн.
Одоо албан ёсоор УИХ-ын ажлын хэсэг байгуулахад төсөв дээр бүх мэдээлэл тооцоо хийсэн бүрэлдэхүүнтэй байгаа шүү гэдэг байр сууриа УИХ-д хүргүүлэхээр өнөөдөр шийдлээ.
Ерөнхийлөгч өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Энэ бол ардчилал, Үндсэн хуулиа хамгаалсан том шийдэл боллоо. УИХ алдсан алдаагаа засаж болох боломжийг олгосон гэж харж байгаа. УИХ-д албан ёсоор орж ирээгүй учраас бүлэн хараахан хэлэлцээгүй байна. Манай бүлэг ерөнхийлөгчийн хоригийг хэрхэх үү гэдэг асуудлыг бараг хэлэлцэхгүй болов уу гэж би бодож байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!