Баянголын аманд баригдаж буй 2,007 айлын орлогод нийцсэн орон сууцны хорооллын санхүүжилтэд маргаан үүсжээ
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 10 га талбайд хотын төвөөс 15 км зайд 2,007 айлын орлогод нийцсэн орон сууцны хороолол барьж буй. Төслийг хэрэгжүүлэх нийт төсөв 94 сая ам.доллар.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 450 инженер, техникийн ажилтан ажиллаж, нийт ажлын гүйцэтгэл 35 хувьтай, барилга угсралтын ажлын гүйцэтгэл 20.9 хувьтай байна.
2,007 айлын орон сууц нь 1-3 өрөө, эрчим хүчний хэмнэлттэй, нийт 14 блок бүхий 10 давхар баригдана.
2024 оны наймдугаар сарын 1-нд барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сонг” ХК шалгарч, орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бол барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр “Сүмбэр цамхаг” ХХК ажиллаж байгаа аж.
Гэвч ерөнхий гүйцэтгэгч БНСУ-ын “Ил Сонг” ХК болон туслан гүйцэтгэгч “Сүмбэр цамхаг” ХХК-ийн хооронд барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтэд маргаан үүссэн байна. Эдгээр орон сууцыг БНСУ-ын Экспорт-Импорт банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа учраас ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, гүйцэтгэлийн санхүүжилтийг өгөөгүй зэрэг зөрчил гаргасан бол нийслэлээс гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болжээ.
Харин тус хороололд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийг барих хөрөнгийг нийслэлийн 2026 оны төсөвт суулгах шийдэлд хүрсэн байна.
Орлогод нийцсэн орон сууцны хорооллыг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
