Багшийн үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгохыг багш нар шаардаж, ажил хаяхаа мэдэгдсэн.
Харин Боловсролын сайд өчигдөр багш нар ажил хаявал хууль бус үйлдэл болно, асуудлыг улстөржүүлж байна гэж хэлсэн юм. Үүний хариу болгож өнөөдөр Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МБШУҮЭХ)-ноос хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тус холбооны дарга З.Цогтгэрэл "Ажил хаяхтай холбоотойгоор төр захиргааны дарамт шахалт ирж байна. Дүүргийн Боловсролын хэлтсүүд, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нарт, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад хууль бус гэж буруу мэдээлэл өгч, төрийн захиргаа нь үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгааг эрс эсэргүүцэж байна.
Цагаан дээр хараар бууж хоёр тал гарын үсэг зурснаар асуудал шийдэгддэг тул ажил хаялт хэдийг хүртэл үргэлжлэх талаар хэлэх боломжгүй. Хуулийн хүрээнд хоёр тал хэзээ зөвшилцөлд хүрч, нэмэлт хэлэлцээрээ хийж шийдвэр гарна, тэр хүртэл үргэлжилнэ.
Ажил хаялт аравдугаар сарын 16-нд албан ёсоор эхэлнэ. 17-нд зарим газар нэмэгдэх бөгөөд цаашид ч нэмэгдээд явах юм. Эцэг эхчүүдэд тогтмол мэдэгдлээ хүргүүлж байгаа. Ажил хаялтад нэгдсэн сургууль, цэцэрлэгүүд хүүхдээ авахгүй. Ажил хаялтад оролцохгүй гэсэн сургууль, цэцэрлэг байхгүй" гэлээ.
Ажил хаялтад нийслэлийн 78 сургууль, 160 цэцэрлэг, есөн аймаг нэгдэж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!