Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар эдийн засгийн нөхцөл байдал, төсөв санхүүгийн боломжийн талаар мэдээлэл өгөв. Төсвийн зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хязгаарт захирагдаж урсгал зардлуудыг төлөвлөсөн. Засгийн газраас 2026 оны улсын төсвийн төсөлд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин, хувьсах зардлыг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан.
Ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан учраас цаашид боловсролын салбарт шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд бусад боломжит эх үүсвэрүүдийг эрэлхийлж байгаа аж.
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьж буй. Үндсэн цалинг ингэж нэмэгдүүлэхэд жилд 3.3 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг Боловсролын яам гаргажээ. Улсын төсөвт ийм боломж хомс тул багш нарын цалинг тодорхой үе шаттай нэмэгдүүлж, 2028 онд үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломжтойг салбарын сайд хэллээ.
Түүнчлэн боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлсний бүтцийг шинэчлэн сайжруулах санал боловсруулах шаардлагатайг дурдлаа.
Эх сурвалж: Засгийн Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!