УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн бүлгээ яаралтай хуралдуулах шаардлага хүргүүлсэн талаараа мэдээлсэн. Уг шаардлагад бүлгийн 38 гишүүн гарын үсэг зурсан бөгөөд өнөөдрийн /2025.10.14/ 16:00 цагт бүлгийн хуралдуулахгүй бол өөрсдөө хурлаа хийнэ хэмээсэн.
Харин энэ асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Бичиг өргөн барьсан гишүүдийн ард нэг талд нь Ерөнхий сайд, нөгөө талд нь УИХ-ын дарга байгаад байна. Тэр хүмүүс хоорондоо учраа олоогүй байхад гарын үсэг зурсан хүмүүс учраа ололцох уу. Тэгэхээр бүлэг дээр хоосон хэрүүл болох гээд байна.
Бүлэг дээр ороод шууд хэрүүл болгох уу эсвэл өмнө нь тодорхой хэмжээний уулзалтууд хийж ойлголцоод дараа нь бүлэг рүү орох уу гэдэг асуудал байна.
Хоёр талд улс төрийн акц хийж байна. Үүнийг МАН-ын Удирдах зөвлөл шийднэ. Бидний дээр Удирдах зөвлөл гэж бий. Удирдах зөвлөлийг шийдсэний дараа бүлгийг хуралдуулна гэсэн бодлоготой байна.
Өчигдөр бүлгийг хуралдуулах гэсэн ч уур амьсгал таагүй байсан. Тиймээс маргааш буюу Лхагва гарагийн 12:00 цагт бүлгийн хурлыг зарласан байгаа.
Бүлгээ эвлэрүүлэх асуудлыг би өнөөдрийг хүртэл хийгээд явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын даргатай ч уулзсан. Хэрэв цаашилбал бүх юм зогсох асуудалд орох гээд байна. Өнөөдөр хоёр талд саналаа татаж аваач гэдэг саналыг хүртэл хүргүүлээд явж байна.
Ерөнхийлөгч намын дотоод асуудалд оролцохгүй ч гэсэн тодорхой хэмжээнд мэдээлэл өгөх хэрэгтэй шүү дээ" хэмээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!