Уншиж байна ...

"Сэлбэ голын эрэг дээр төвийн дулаанд холбогдсон хаус хорооллуудтай болно"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дамбадаржаа дэд төвд буюу Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны нийт 70 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа явцын талаар танилцуулав.

Уг төслийн талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс "Дэд төвийн 800 нэгж талбарыг хамарсан дулааны шугам сүлжээ, цэвэр бохирын шугам сүлжээ, зам, нийгмийн барилга байгууламж бүхий төслийг хэрэгжүүлж, ирэх жил дуусгана.

Тодруулбал Дамбадаржаагийн дулааны станцын ажил ирэх жилийн наймдугаар сард дуусна. Үерийн хамгаалалтын сувгийн ажил дууссан. Мөн хөрсний ус зайлуулах ажил 80 хувьтай байна. 2.8 км авто зам барьсан.

Өнөөдрийн байдлаар дулааны шугам сүлжээ татах, ус дамжуулах шугам сүлжээ барих ажлыг гүйцэтгэж байна.

Барилгажилтын төслийн дагуу айл өрхүүдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж, чөлөөлсөн 70 га газарт амины орон сууц барих төсөлд хувийн хэвшлийнхнийг татаж оруулахаар төлөвлөж байна. Сэлбэ голын эрэгт төвийн дулаанд холбогдсон хаус хорооллуудтай болно.

Ирэх жилээс газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлж, гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулна.

Сэлбийн даланг 1966 оны үерээс хойш аж ахуйн аргаар хийж босгосон. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Сэлбэ голын усны урсцыг сайжруулах, үерийн далан, тохижилтын ажлын төслийн гүйцэтгэгчийг ирэх жил эцэслэн сонгон шалгаруулна.

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүд байгуулах төсөл 2014 онд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Баянхошуу, Сэлбэ, Шархад дэд төвүүдийн дэд бүтцийн ажлыг хийж дуусаад, барилга угсралтын ажил үргэлжилж байна. Харин Дамбадаржаа, Толгойт дэд төвүүдэд дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэж байгаа юм" гэлээ.

Дамбадаржаа ДЦС-ыг 2026 оны арванхоёрдугаар сард ашиглалт хүлээлгэж өгөх аж.