Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр хорооллын бүсүүдэд агаар бага, Цахилгаан станц орчмоор маш их БОХИРДОЛТОЙ байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотод өглөө, оройд утаа үнэртдэг болоод буй. Өнөөдөр 10:15 цагийн байдлаар Цахилгаан станц орчимд агаарын чанарын индекс 500-г давж маш их бохирдолтой байгаа бол Нисэх, Толгойт, Яармаг, Дамбадаржаа, Таван буудал, Хайлааст орчмоор бага бохирдолтойг agaar.mn харуулжээ. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үзүүлэлт юм.

зураг
 
зураг
 
зураг
 

Харин өчигдөр буюу аравдугаар сарын 9-нд 100 айл, Нисэх, Зурагт, Хайлааст, 13 дугаар хороолол, Таван буудал, Налайх, Баруун дөрвөн зам, Яармаг орчмоор агаар бага бохирдолтой байсан бол ДЦС орчимд их бохирдолтой байжээ. Толгойт орчимд хүхэрлэг хийн агууламж хамгийн өндөр буюу 74мкг/м3 илэрчээ. Энэ үзүүлэлт нь АЧС-аас 1.4 дахин их юм. Азотын давхар исэл Баруун дөрвөн замд, PM10, PM2.5 тоосонцор Цахилгаан станц орчимд хамгийн их илэрчээ.

Энэ жил утааг 40-50% бууруулахаар БНХАУ-аас хагас коксон түлшийг авч байна гэж нийслэлийн удирдлагууд амлаж байгаа ч бодит байдал дээр худалдаанд гараад нэг хонож буй түлшний үр дүн мэдрэгдэх нь.

Агаар бохирдуулагч бодисууд хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Тоосонцор

Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог. Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) тоосонд мэдрэмтгий байдаг. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.

Нүүрстөрөгчийн дутуу исэл

Өнгөгүй, үнэргүй хий. Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбод, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Зүрх судасны өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний бах өвчтэй хүмүүс хамгийн их эрсдэлтэй бөгөөд биеийн хүчний ажил хийж байгаа үед нүүрстөрөгчийн дутуу ислийн нөлөөлөлд өртвөл цээжээр өвдөх болон зүрх судасны талаас бусад шинж тэмдгүүд илэрдэг. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй (зүрхний титэм судасны өвчтэй, цус багадалттай, уушгины архаг бөглөрөө өвчтэй) хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.

Хүхрийн давхар исэл

Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

Азотын давхар исэл

Өнгөгүй, үнэргүй хий бөгөөд агаар мандалд бор шаргал өнгөтэй болдог. Азотын давхар исэл нь уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Азотын давхар исэл нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, гуурсан хоолойн багтраа болон үрэвсэлтэй хүний мэдрэгшлийг нэмэгдүүлэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй. Зүрх судасны, уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

Эрүүл мэндийн байгууллагаас агаар бохир үед иргэдийг амны хаалт зүүхийг зөвлөдөг байна.