Уншиж байна ...

А.Амартүвшин: Хагас кокс түлснээр Улаанбаатарын агаар орчны бохирдлыг 40-45% бууруулах судалгааг ШУА-тай хамтран гаргасан

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хагас коксон түлшийг өнөөдрөөс 400 гаруй цэгээр борлуулж эхэлсэнтэй холбоотойгоор НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин дараах мэдээллийг танилцууллаа. 

Одоогийн байдлаар Тавантолгой түлш үйлдвэрт хэрэглээнд гарахад бэлэн болсон, шуудайлсан 12,000 орчим тонн хагас кокс бэлэн байна. 

Сар болгон 50-60 мянган тонныг оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг тэрбээр хэлэв. 

"Хагас кокс түлснээр зуух хайлах асуудал гарахгүй. Сайжруулсан түлш шигээ галлагааг хэрэглэнэ"

Үргэлжлүүлэн "Үндэсний хороо хуралдаж, хагас кокс борлуулах үнэ, өдөр товоо өчигдөр тогтоосон. 

Өнөөдрийн байдлаар

  • 1,500 тонн сайжруулсан түлш
  • 940 тонн хагас коксын түлшийг нийт 400 борлуулалтын цэгээс 331 борлуулалтын цэгт худалдаалж байна. 

Айл өрхүүд маань өөрсдийн сонголтоор сайжруулсан түлш, хагас коксон түлшийг хослуулж хэрэглэж болно.

Сайжруулсан түлшээ хэрхэн яаж хэрэглэж байсан яг түүн шигээ галлагааг хагас кокс дээр хэрэглэнэ гэсэн үг. 

Хагас кокс өндөр илчлэгтэй асаж, улмаар зуухны ул ширмийг хайлуулах аюултай эсэхэд иргэд эргэлзэж байна.

  • Сайжруулсан түлш нь 5,500-аас дээшгүй илчлэг гаргадаг байсан. 
  • Хагас кокс нь 5,500-6,000 илчлэг гаргана. Иймд өмнөх сайжруулсан түлштэй адилхан хэрэглэнэ.

Ул ширэм, зуух хайлна гэх асуудал байхгүй" гэдгийг хэллээ. 

"Цаашдаа Улаанбаатар хотын хүн амын хэрэглээг газ руу шилжүүлнэ"

Мөн "Улаанбаатар хотын агаарын бохирдлын 55-56 хувь нүүрснээс гарч байгаа.

Хагас кокс түлснээр нүүрснээс гарч буй агаарын бохирдлын 28 хувийг бууруулна гэж үзэж байна.

Цаашлаад Улаанбаатар хотод агаар орчны бохирдлыг 40-45 хувь хүртэл бууруулах судалгааг бид гаргасан. Уг судалгааг Шинжлэх Ухааны Академи, Химийн хүрээлэнтэй хамтарч гүйцэтгэсэн байдаг. 

Энэ жил НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч агаар орчны бохирдолтой тэмцэх ажлыг эхлүүлсэн. 

Бид хагас коксон түлшийг дараагийн 5-10 жил хэрэглэнэ гэж бодож болохгүй. Энэ бол шилжилтийн завсар ашиглагдах нүүрс.

Цаашдаа Улаанбаатар хотыг газ руу шилжүүлнэ

Энэ жил 5,000 айлыг газ руу шилжүүлэхээр одоо дулаалгын явц үргэлжилж байгаа. Гэр дулаалга нь 95 хувьтай байгаа бол байшин дулаалга 30 орчим хувьтай байна.

Аравдугаар сарын сүүл гэхэд байшин дулаалгын ажлуудаа дуусгаж, арваннэгдүгээр сарын эхээр газын тоног төхөөрөмжүүдээ холбохоор төлөвлөж буй.

 Энэ жил 5,000 айлыг газтай холбуулж, дараа жил 50,000 айлыг газтай холбоно.

2026-2027 он руу шилжих өвөл дахиад 65,000 айлыг газтай холбоно. Ингэснээр нүүрс түлж буй 172,000 өрхийн 110,000 нь шууд газ руу шилжинэ гэсэн үг.

Үлдсэн өрх нь дахин төлөвлөлт рүү орж байгаа. 2027, 2028 онд Сэлбэ барилгажуулалтын төсөл дээр 10,800 гаруй иргэн гэр хорооллоос дахин төлөвлөлт рүү шилжинэ.

Мөн Шар хад, Ханын материал, Баянхошуугийн төслүүд бий. 2028 оноос өмнө маш том зорилго, амбицыг урдаа тавьсан бөгөөд хэрэглээний нүүрсийг Улаанбаатар хотод тэр чигт нь болиулна.

Цаашдаа газтай холбох ажлыг хийх гэж байгаа.

Шилжилт явж байгаа энэ үед нүүрс хэрэглэе. Ингэж хэрэглэхдээ нүүрсний хамгийн дээд боловсруулсан бүтээгдэхүүн буюу хагас коксыг хэрэглэе. Ийнхүү хагас коксон түлшийг өнөөдрөөс нийт иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэдгийг НЗД-ын орлогч А.Амартүвшин хэлэв.