Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаалж эхэлж буйтай холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Энэ үеэр угаарын хийн эрсдэлийн талаарх сэтгүүлчийн асуултад НЗД-ын орлогч А.Амартүвшин дараах хариултыг өгсөн юм.
Тэрбээр "Угаарын хийн эрсдэл байгаа. Цаас, мод, аргал түлсэн ч, өөр ямар ч хэлбэрийн нүүрс түлсэн угаарын хий ялгарна.
Угаарын хий их, дунд, бага гэдэг хэмжээсийг л ярьж байгаа.
Угаарын хийн хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн зүгээс хийсээр байна. Зуны хугацаанд нийт 121,000 гаруй айлыг ухаалаг угаар мэдрэгчийн системтэй бүрэн холбосон. Дахиад 22,000 айлыг холбох ажил хийгдэнэ.
Хоёр долоо хоногийн өмнө Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 6.5 тэрбум төгрөгийн төсвийн тодотголоо нэмж оруулсан бөгөөд 45,000 угаар мэдрэгчийг худалдаж авах гэрээ энэ долоо хоногт зурагдаад Сангийн Яам руу төсөв мөнгөний асуудлыг шилжүүлж байгаа.
Ингэснээр гал түлж буй 172,000 айлыг шууд угаар мэдрэгчтэй холбож, ухаалаг угаар мэдрэгч нь мэдээллийг нэгдсэн систем дээр өгнө.
Нэгдсэн системд мэдээллээ өгсөн тохиолдолд таван секунд хүрэхгүй хугацаанд автоматаар нөгөө айлд бүртгэлтэй ах дүү, хамаатан садан, аав ээж, эмээ өвөө рүү нь шууд залгаж байгаа.
Хэрвээ утсаа авахгүй бол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 600 гаруй албан хаагчаас тухайн хаяг бүхий айлтай хамгийн ойр байгаа нь 5-7 минутын дотор очно.
Ингэснээр нөхцөл байдлыг газар дээр нь үнэлээд шаардлагатай тохиолдолд эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандаж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!