Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батзориг: ОСНААУГ-аас нэмэлт бригад гарган гэмтсэн шугамыг засварлаж, айл өрхийг халуун ус, дулаанаар хангана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн зарим дүүрэгт дулааны шугам гэмтсэнээс олон айл өрх халуун ус, дулаангүй болоод байгаа. Эдгээр гэмтсэн дулааны шугамуудын нэмэлт баг гаргаж, засварлахаар болжээ.

Энэ тухай УБЗАА-ны дарга Г.Батзориг "Хувийн орон сууцны конторууд, иргэд, хувийн ААН-үүд дураараа дулааны шугам тавьдаг. Гэвч шугам нь цоороод гэмтэл гарахаар хариуцах эзэнгүй болдог. Эцэст нь нийслэлийн орон сууцны контор болон УСУГ, УБДТ компанийнхан очиж засварладаг. Орон сууцны хувийн 54 конторыг Эрчим хүчний зохицуулах хорооноос шилжүүлж өгөх эсэх нь тодорхой бус байна. Эдгээр хувийн конторыг нийслэлд хариуцуулбал нэгтгээд нэг болгох асуудлаа шийднэ.

Орон сууцны хувийн 54 контор, нийслэлийн нэг контор бий. Хувийн конторууд өр төлбөрийн үлдэгдэлтэйгээс дулааныг холбохгүй байгаагаас иргэд УБЗАА-нд гомдол гаргаж байгаа юм. Мөн шугам гэмтсэнээс халуун усгүй олон айл байна. ОСНААУГ-аас нэмэлт бригад гарган гэмтсэн шугамыг засварлаж, халуун ус, дулааныг холбох үүргийг өгч байна.

Нийслэлийн хэмжээнд дулаан, цэвэр бохир усны шугамын 50 орчим хувь нь ашиглалтын хугацаа нь дуусаж, насжилт өндөр байгаа. Өнгөрсөн жилд 12 магистрал шугамд, 110 орчим байршлын салаалсан шугамд гэмтэл гарсан. 

Жил бүрийн төсөвт мөнгө тусгаж ус, дулааны шугамыг солих ажлуудыг яаралтай хийнэ" гэж мэдээллээ.