Нийслэл хотын зарим дүүргийн орон сууц халаалтгүй, шийдэх эзэнгүйгээс иргэд хохирч буй асуудлыг төлөөлөгч Ү.Оюунзул Баасан гарагт болсон НИТХ-ын хурлын үеэр хөндсөн юм. Уг асуудалд хотын удирдлагууд дараах тайлбарыг хэлэв.
УБЗАА-ны дарга, хотын ерөнхий менежер Г.Батзориг: Нэлээн хэдэн байршлын орон сууцнуудын айл өрх дулаанд холбогдож чадаагүй асуудал байна. Эрчим хүчний зохицуулах хороонд харьяалагддаг хувийн 54 орон сууцны контор, нийслэлийн харьяа нэг контор бий. Сүүлийн 10 гаруй жилд баригдсан барилгыг хариуцдаг орон сууцны хувийн конторууд хариуцлагагүй хандаж байна.
Орон сууцны бүх хувийн конторыг нийслэлийн харьяанд авах саналыг Эрчим хүчний зохицуулах хороотой ярилцаж байгаа. Орон сууцнуудын конторууд айл өрхийг дулаанаар хангахгүй байх эрсдэлүүд үүссэн.
Дулааны шугам сүлжээний засвар үйлчилгээтэй холбоотой дуудлага их ирдэг. Орон сууцны хувийн конторын хариуцдаг дулааны шугамын засварыг орон нутгийн өмчит байгууллагаас очиж засварладаг.
УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл: 200 мм-ээс дээш диаметртэй дулааны шугамыг "УБДС" ТӨХК, 200мм-оос доош диаметртэй дулааны шугамыг орон сууцны конторууд хариуцдаг журамтай. Үүний дагуу дулааны дундын шугамын маргаантай асуудал сүүлийн хоёр жилийн хугацаанд гарч байгаа. Уг асуудлыг шийдэхээр ажлын хэсэг ажиллаж байна.
Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн конторуудын аль хэсгийг хот хариуцах, аль хэсгийг хувийн контор хариуцах нь тодорхой бус, зах зээлийн чөлөөт зарчмаар ажиллаж байна. Эрчим хүчний яамнаас Улаанбаатар хотын орон сууцны хувийн бүх конторыг нийслэл хариуцах асуудлыг бидэнд тавьж байгаа. Стандартын шаардлага хангасан дулааны шугам сүлжээгүй барилга байгууламжууд замбараагүй баригдсан. Дулаанаар хангах асуудал ЭХЯ-ны асуудал. Орон сууцны хувийн конторуудыг ЭХЯ хариуцдаг ч дулааны шугам задрахаар нийслэлээс татвар төлөгчдийн мөнгөөр засварладаг. Хувийн конторуудыг ЭХЯ хариуцаж байгаа бол хариуцсан шиг хариуцах хэрэгтэй, эс бол хотод хариуцуулах хэрэгтэй.
Дулааны тарифыг зах зээлийн зарчимд нийцүүлэхгүй болохоор шугам сүлжээний шинэчлэл, засвар арчлалт хийдэггүй, эцсийн дүндээ иргэд хохирч дулаанаар хангагдахгүй байгаа юм.
Мягмар гарагт ЭХЯ-ны төлөөллийн хамтаар Баянзүрх дүүрэгт дулаанаар хангагдаагүй айл өрхөөр явна.
Ус, дулааны үнийг нэмээгүйгээс орон сууцны конторт ажиллах хүн олдохоо больсон. Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ асуудлыг шийдэж өгөх ёстой.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газрын ХҮТ-16-д харьяалагддаг зарим орон сууцны айл өрхүүд 2025 оны наймдугаар сарын 4-нөөс хойш одоог хүртэл халуун усгүй, халаалтгүй байгааг оршин суугчдын зүгээс хэлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!