Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Яармагийн гүүрнээс Зайсан хүртэлх явган хүний болон дугуйн замын хажуу талаар авто зам барина

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Ирэх онд Яармаг чиглэлд хоёр авто зам шинээр тавихаар болсон байна.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр Яармагийн гүүр даваад “МСМ Групп” ХХК-аас урагшаа эргээд Яармагийн гүүрнээс Зайсан чиглэл рүү явдаг явган хүний болон дугуйн замын хажуу талаар, Туул голын далангийн хойгуур 3.6 км авто зам шинээр барихаар болжээ. Авто замын бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлэх юм байна.

Авто замын трасст найман нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Уг авто зам ашиглалтад орсноор Яармагаас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх болон Яармагаас Зайсан хүртэлх Уулын замын ачааллыг бууруулна гэж тооцоолсон байна.

Түүнчлэн Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 километр авто замыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг энэ оны арваннэгдүгээр сард зарлаж, 2026 оны тавдугаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 километр авто зам нь 24 метр өргөн, зургаан эгнээтэй, явган хүний замын өргөн 2.5 метр, дугуйн зам 1.5 метрийн өргөнтэй, автобусны 18 буудалтай байх юм байна.