Өнөр хорооллын арын 2.8 км авто зам, Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчилж буй. Уг төслийн явцын талаарх мэдээллийг өнөөдөр танилцууллаа.
Тодруулбал Өнөр хорооллын арын 2.8 км авто замын шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд тус байршилд 86 автомашины зогсоол, ус зайлуулах байгууламж, III хэсгийн хучилтын ажлыг гүйцэтгэжээ.
Өнөөдрийн байдлаар III хэсгийн явган хүний зам болон дугуйн замын ажил, II хэсгийн ус зайлуулах байгууламж, цахилгааны шугам сүлжээ хамгаалах ажил үргэлжилж байгаа бол Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км шинэчлэлтийн ажил 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж.
Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн зохицуулагч Х.Булгаа “НЗДТГ болон Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж байгаа "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн хүрээнд гурван байршилд шинээр зам барина.
Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын 2.6 км авто замын ажил эхэлсэн бөгөөд ажлын явц 20 хувьтай үргэлжилж байна. Уг шинэ замыг ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Харин Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км замын тендерийг ирэх арваннэгдүгээр сард зарлаж, 2026 оны тавдугаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!