Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Эрдэнэтуяа: УИХ-ын гишүүд иргэдэд буруу ташаа мэдээлэл өгдөг. Хөрөнгө оруулагчдыг үйл ажиллагаагаа явуулах боломжоор нь хангаж өгөх ёстой

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр төрийн ордонд боллоо. 

Энэ үеэр Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа "Олон талын байр суурь болон өнгөрсөн хугацаанд хийсэн судалгааны ажлын үр дүнг сонсож, эргэлзээтэй асуудлууд дээрээ хариулт авч чадлаа. Оролцогч талууд нэгдсэн нэг ойлголттой болоод энэ хэлэлцүүлгээс гарах байх гэсэн хүлээлттэй байна.

Манай салбарт тулгамддаг том сорилтыг энд харж байна. Төр хөрөнгө оруулагчдыг урьж ирээд зөвшөөрөл өгчихдөг. Нөгөө талд үйл ажиллагаагаа явуулах гэхээр төрийн алба хаагчид тэр тусмаа УИХ-ын гишүүд өөрсдөө очоод иргэдэд буруу ташаа мэдээлэл өгдөг. 

Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй уул уурхайн компаниуд нийт газар нутгийн 0.25 хувьд үйл ажиллагаагаа явуулж, усны хэрэглээний 18 хувийг ашигладаг. Уул уурхайн компаниуд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад томоохон үүрэг гүйцэтгэж байна. Төрийн байгууллагаас гаргасан дүгнэлтүүдийн зөрүүтэй байдал нь энэ үл ойлголцлыг нэлээд хүндрүүлж байна гэж харж байна. 

Иймд энэ сонсголд оролцсон оролцогч талуудаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, холбогдох байгаль орчны хөндлөнгийн судалгааг хийж, нэлээд хэдэн лабораторийг сонгон дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргаж байна. Халзан бүрэгтэй орд нь хариуцлагатай уул уурхай нь кодекст нэгдсэн байдаг. Хамтын оролцоотой мониторингийг орон нутгийн иргэдтэй хамтраад хийгээд явбал өнөөдрийн нэг нэгэндээ итгэхгүй байгаа байдал нэг талдаа гарах болов уу. 

Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдыг үйл ажиллагаагаа явуулах боломжоор нь хангаж өгөх ёстой" гэв.