Улаанбаатар хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон гэрээ байгуулсан ААН-үүдийн халаалтыг есдүгээр сарын 15-наас хангана гэж "УБДС" ТӨХК-аас мэдээлсэн.
Гэвч зарим айл өрхийн халаалт ирээгүй, хагас халаалт өгсөн гэх мэдээлэл байна.
Энэ талаар "УБДС" ТӨХК-ийн дулааны эрчим хүч борлуулалтын албаны дарга н.Болдбаатараас тодруулахад "Өнөөдөр өглөөний байдлаар нийслэл хотын орон сууцны айл өрхийн 91 хувийг төвлөрсөн дулаанаар хангаад байна. Одоо тусгай зөвшөөрөлтэй хувийн контор болон Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газраас айл өрхийн дулааны температурыг тохируулах ажил үргэлжилж байна, энэ долоо хоногт горим жигдрэх байх. Бүх сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг залгасан.
Манай компаниас дулааны эрчим хүч худалдаж авах гэрээтэй, тусгай зөвшөөрөл бүхий хувийн 57 контор үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс хоёр контор өмнөх халаалтын улирлын төлбөрөө барагдуулаагүй тул дулаанаар хангах боломжгүй. Өөрөөр хэлбэл Зайсан скай, Оч Гялс Өргөө компаниар үйлчлүүлдэг айл өрхийн халаалтыг өгөөгүй.
"Зайсан скай" орон сууцны хувийн конторын хуримтлагдсан дулааны өр төлбөрөөс үүдэн тухайн байгууллагын хариуцдаг 53 орон сууц, 23 амины орон сууц, 52 ААНБ, Морьтон, Цэцээ гүн, Блю скай, Чариот, Солар гарден, Рома инвест хотхоны нийт 1,034 өрх дулааны эрчим хүчээр хангагдах боломжгүй байдал үүссэн.
"Оч Гялс Өргөө" орон сууцны хувийн конторын хариуцдаг Хан-Уул дүүргийн Гүмүда гарден, Сансайт, Нүхт палас, Бритиш сургуулийн 51, 52-р байр, Хүннү вилла хотхон, Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны Энэрэл хотхоны нийт 2,979 айл өрхийг дулаанаар хангаагүй. Тухайн хоёр конторын өрийн үлдэгдэл нийлээд 500 орчим сая төгрөг байгаа юм. Төлбөрийн үлдэгдлээ барагдуулсны дараа дулаанаар хангах гэрээг байгуулах шаардлагыг тавьж байна.
"Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газар" ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд Үйлчлэх 19 төв/ХҮТ/ төлбөрийн үлдэгдэлгүй" гэж тайлбарлалаа.
Түүний мэдээлснээр "УБДС" компани халаалтын улиралд 14,000 орчим барилгыг дулаанаар хангадаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!