Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Бизнесийн зээл өсөж, цалин, тэтгэвэр болон автомашины зээлийн чанаргүйдэлт өсжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Банкны холбооны "Банкны салбарын 2025 оны эхний хагас жилийн тойм" судалгаагаар банкны салбар ашиг орлого сайн, чанаргүй зээлийн хэмжээ түүхэн доод хэмжээндээ дөхсөн, бизнесийн зээлийг өндөр хэмжээгээр олгосон зэрэг сайн мэдээтэй байгаа юм байна.  

Энэ талаар Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 


Банкны зээл өнгөрсөн жилтэй харьцуулахад 27 хувиар өссөн байгаа ба энэ нь хэдийгээр буурч байгаа эерэг үзүүлэлт боловч цаашид хязгаарлаж, тогтвортой түвшинд нь авчрах шаардлага байгаа учраас мөнгөний бодлого хатуу хэвээр байна гэв. 

Бизнесийн салбарт шинээр олгож байгаа зээл 19 хувиар өссөн ба үүнд худалдаа, барилга, боловсруулах, уул уурхай, үйлчилгээ зэрэг олон салбарт зээлийн өсөлттэй байгаа юм байна. Үүнийг дагаад бизнесийн чанаргүй зээл буурч 5 хувьд хүрчээ. Чанаргүй зээлийн үзүүлэлт сайжирсныг дагаад шинээр зээл олгох боломж нэмэгдэж байгаа аж. 

"Иргэдийн өрхийн орлого дээр ирж буй өрийн дарамт нэмэгдсэнтэй холбоотойгоор зээлийн чанаргүйдэлт нэмэгджээ"

Харин цалин, тэтгэвэр, автомашины зээлийн чанаргүйдэлт нэмэгджээ. Энэ нь иргэдийн өрхийн орлого дээр ирж буй өрийн дарамт нэмэгдсэнтэй холбоотой учир өрхийн орлогод анхаарал хандуулах болсны дохио гэж харж байгаа аж. 

Тодруулбал өнгөрсөн оны эхний хагас жилд 2 хувьтай байсан цалин, тэтгэврийн зээлийн чанаргүйдэлт 5 хувь болж өссөн байна. 

"Тансаг хэрэглээний, өндөр үнэтэй автомашины борлуулалт хязгаарлагдана"

Автомашины зээлийн хувьд дахин санхүүжүүлэх боломжууд нь хязгаарлагдаж байгаа аж. Валютын ханшид хүчтэй нөлөө үзүүлж байгаа нөлөөллийн нэг нь их хэмжээний автомашины импорт учир үүнийг чангалах валютын ханшид үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос эерэг хязгаарлалтууд тавьсан байна. 

Үүний үр дүнд цаашид тансаг хэрэглээний, өндөр үнэтэй автомашины борлуулалт хязгаарлагдах аж.