Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Электрон тамхины шалтгаантайгаар үүссэн уушгины хатгаа бүрэн эдгэдэггүй"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, О.Саранчулуун, Б.Мөнхсоёл, Ө.Шижир, Д.Энхтүвшин нар өнөөдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн асуудлаар эмч, сэтгэлзүйчдийн төлөөлөлтэй уулзаж олон нийтэд дараах мэдээллийг өглөө. 

ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын эмч "Уушги, улаан хоолойн хавдар бол голцуу тамхины шалтгаантай байдаг. Тамхи татдаг хүнд уушгины хагалгааг шууд хийдэггүй. Багадаа 30 хоног огт тамхи татахгүй болсон үед нь хагалгаа хийдэг. Гэтэл монголчууд ид хүндэрсэн үедээ ирдэг.

Хавдартай хүний уушгийг нь тайрч авч болохуйц байлаа ч ихэнх нь тамхины шалтгаант архаг уушгины өвчтэй байдаг учраас үлдсэн уушгиараа амьсгалж чадах уу гэх асуудал тулгардаг учир мэс засалд орж эмчлүүлэх боломжоо алддаг" гэв. 

Улсын гуравдугаар төв эмнэлгийн уушги судлалын тасгийн их эмч Б.Золзаяа "Янжуур тамхи нь эхлээд архаг бронхитийг үүсгэдэг. Олон жилийн дараа уушги болон зүрх үүргээ гүйцэтгэж чадахгүй болж уушгины архаг бөглөрөлт болдог. 

ДЭМБ-аас анх 2019 онд электрон тамхинаас үүдэлтэй өвчнийг бүртгэсэн байдаг. Электрон тамхи нь уушгинд маш өвөрмөц байдлаар цочмог хатгаа үүсгэдэг. КОВИД-19-н хатгаатай адил буюу энгийн хатгаанаас өөр юм. Электрон тамхины шалтгаантайгаар үүссэн уушгины хатгаа бүрэн эдгэдэггүй. Уушгинд сорвижилт үүсгэж хатууруулж байдаг. Иймд аль нь ч аюулгүй гэх ойлголт байхгүй. Хоёулаа тус тусын онцлогтой өвчлөлийг үүсгэдэг" гэв.