УИХ-ын гишүүн О.Номинчимэг, О.Саранчулуун, Б.Мөнхсоёл, Ө.Шижир, Д.Энхтүвшин нар өнөөдөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн асуудлаар эмч, сэтгэлзүйчдийн төлөөлөлтэй уулзаж олон нийтэд дараах мэдээллийг өглөө.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Н.Алтанзул "Тамхины хэрэглээ нь донтох эмгэг юм. Тамхинаас гарахын тулд зургаагаас дээш сар зардал өндөртэй эмийн болон сэтгэл заслын эмчилгээ хийж байж үр дүндээ хүрдэг. Иймд тамхийг огт хэрэглэхгүй байхад бодлогоо чиглүүлэн ажиллаж байна" гэв.
Эмч Н.Эрдэнэхүү "Дэлхийн улс орнууд тамхин бүтээгдэхүүнийг бүрэн хориглосон эсвэл нарийн зохицуулалттай болсон. Харин манай улсад чөлөөтэй худалдаалж байна. "Vape" хоргүй гэсэн маркетингт бүрэн итгэчихсэн хүмүүс одоо хортой гэдгийг нь хүлээн зөвшөөрч татгалзаж чадахгүй байна. Иймд төрийн оролцоо чухал байна" гэв.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Т.Болормаа "Манай уушгины кабинетад зургаан жил тасралтгүй электрон тамхи татсаны улмаас үе үе уушгинаасаа цус алддаг 13 настай хүүхэд хяналтад байна. Электрон тамхинд никотиноос гадна бусад химийн донтуулагч бодисууд агуулагдаж байгаа нь хүүхдийн өсөж яваа амин чухал эрхтнүүд болох уушги, зүрх, цус эргэлтийн тогтолцоо болон тархийг гэмтээж байна" гэв.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Баттөр "Төрөл бүрийн тамхи шинээр гарч ирж байгаа нь цаашид мансууруулагч бодисуудыг ямар замаар, өргөн хүрээнд хүргэж болох туршилтыг хийж байгаа явдал юм. НЭМҮТ-д тамхи татдаг хүнийг ажилд авдаггүй. Тамхигүй хамт олон болох арга хэмжээг авч ажилладаг. Энэ мэтчилэн бусад албан байгууллагуудад тамхигүй орчин бий болгохыг уриалж байна" гэв.
Судлаач Л.Дэлгэрзул "Хүүхдийн уушги болон тархины хөгжил бүрэн явагдаж дуусаагүй байдаг. Гэтэл тархи нь бүрэн хөгжөөгүй үед тамхи татаж эхэлбэл хожим явагдах ёстой байсан хөгжил огт явагдахгүй. Өөрийгөө хянах чадваргүй, донтолттой болно. Иймд бага насны хүүхдүүдэд тамхины хүртээмжтэй байдлыг багасгаж хуульчилж өгөөсэй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!