Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Манай улс гадаадын технологиос хэт хамааралтай байгаа нь кибер аюулгүй байдалд томоохон эрсдэлийг үүсгэдэг"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ази Номхон далайн бүсийн кибер аюулгүй байдал бүс нутгийн хуралдаан өнөөдөр манай улсад болж байна. 

Монгол Улсад харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар үүсэж хөгжөөд 104 жил болж байгаа ба манай улс цахим хөгжлөөрөө Азид 13-т, дэлхийд 46-т эрэмбэлэгдэж байгаа аж.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2024 онд гаргасан судалгаагаар Монгол улс кибер аюулгүй байдлын үзүүлэлтээр гуравдугаар буюу бэхжиж буй түвшинд үнэлэгдэж НҮБ-ын гишүүн 194 орноос 103-т эрэмбэлэгдсэн байна. Энэ нь 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад 17 байр урагшилсан хэдий ч азийн дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа юм байна. 

Манай улсад гурван хүн тутмын нэг нь цахим үйлчилгээг бүрэн хүртэж байгаа ч олон нийтийн кибер аюулгүй байдлын ойлголт хангалтгүй байгаа аж. Түүнчлэн гадаадын технологиос хэт хамааралтай байгаа нь томоохон эрсдэлийг дагуулж байгааг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар онцлов. 

Гадаадын технологиос хэт хамааралтай байдлыг хэрхэн шийдвэрлэх гэж байгаа талаар Монгол Улсын Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Э.Балдансамбуу "2022 онд Монгол Улс Үндэсний кибер аюулгүй байдлын бодлогын баримт бичгээ гаргасан. Үүнд баримтлах ёстой олон улсын стандартуудыг монголын нөхцөл байдалд тохируулсан байна. Тухайлбал гуравдагч этгээдийн үйлчилгээг авч байгаа бол үйлчилгээг хүргүүлэгчийн хэрхэн аюулгүй ажилладгийг шалгах ёстойг тусгажээ. Түүнчлэн ганц ханган нийлүүлэгч бус олон талаас авч төрөлжүүлэх шаардлагатай" гэв. 

Мөн манай улс Кибер аюулгүй байдлын хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа ба үүнийг дагаад Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд холбогдох өөрчлөлтүүд орох аж.