Төрийн өмчит их сургуулиудын нэгдүгээр курсэд элсэн сурагчдаас бусад оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй байхаар тохирсон талаар Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлэл өгөөд байна.
2025-2026 оны хичээлийн жилийн их сургуулиудын хичээл сонголт эхлэхийн өмнөх нь шинээр элсэж буй суралцагчдын сургалтын төлбөрийн нэмэгдэл олны анхаарал татаад байна.
Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн хувьд өнгөрсөн жил шинээр элсэгчдийн 1 кредитийн төлбөр 168,100 төгрөг байсан бол энэ жил 177,100 төгрөг болжээ. МУИС-ийн суралцагчид жилд дунджаар 30 кредит судалдаг гэж тооцвол энэ жил шинээр элссэн оюутан 5.3 сая төгрөгийг сургалтын төлбөрт зарцуулна.
Харин өнгөрсөн жил элсэж байсан буюу энэ жил хоёрдугаар курсэд суралцах оюутны ерөнхий суурийн 1 кредитийн төлбөр 168,100 төгрөг болж, 14 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэгвэл 3 болон 4 дүгээр курсэд суралцах оюутны сургалтын төлбөрт өөрчлөлт ороогүй аж.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн шинээр элсэгчдийн төлбөр дунджаар 15 хувь нэмэгдсэн байна. Тодруулбал тус сургуульд өнгөрсөн жил шинээр элссэн оюутны 1 кредитийн үнэлгээ 148,000-170,000 төгрөг байсан юм. Харин энэ жил шинээр элссэн оюутны 1 кредитийн үнэлгээ 185,600-190,000 төгрөг болж, 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
ШУТИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилд элссэн оюутны 1 кредитийн үнэлгээ 123,000 мянган төгрөг байсан бол энэ жил 190,000 болж нэмэгдсэн нь энэ юм. Шинэ элссэн оюутан жилд 30 кредит судалдаг гэж тооцвол 5.7 сая төгрөгийг сургалтын төлбөрт зарцуулна.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн хувьд мөн адил төлбөр нэмэгдсэн байна. Тухайлбал өнгөрсөн жил хүний их эмч мэргэжлээр элссэн оюутны 1 кредитийн төлбөр 130,000 төгрөг буюу жилд 4 сая төгрөгийг сургалтын төлбөрт зарцуулдаг байжээ.
Харин энэ жилийн хувьд тус мэргэжлээр элссэн оюутны 1 кредитийн төлбөр 170,000 төгрөг буюу жилийн сургалтын төлбөр 5.2 сая төгрөг болсон байна. АШУҮИС-ийн бакалаврын хөтөлбөрт шинээр элсэгчийн 1 кредитийн төлбөр 25-40 мянган төгрөгөөр нэмэгдсэн аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!