Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхошуу дэд төвийн 110 айлын эко орон сууцыг барьж дуусжээ

Б.Манлай
2025 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотыг олон төвт хот болгох ажлын хүрээнд Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах төслийг эхлүүлж, НОСК-аас “Баянхошуу орон сууцжуулалт” төслийг хэрэгжүүлж байна.

Тус төсөл нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон төсөл бөгөөд 60 орчим га талбайд хоёр үе шаттайгаар хэрэгжих юм. Төслийн хүрээнд хоёр байршилд нийт 5,000 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн бөгөөд Баянхошууны 41.3 га талбайд нийт 2,816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2,184 айлын орон сууц барина.

Баянхошуу дэд төвийн I шатанд нийт 462 айлын орон сууц баригдаж байна. Одоогоор B15 талбарт баригдаж буй 110 айлын орон сууцны барилгын угсралт 98 хувьтай, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бол B13-1 талбарт 150, B13-2 талбарт 76 айлын орон сууцны барилга угсралт 70 гаруй хувьтай, нийт ажлын гүйцэтгэл 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин хамгийн сүүлд эхэлсэн B13-3 талбарт 126 айлын орон сууцны гүйцэтгэгчийн ажлын сонгон шалгаруулалт хийгдэж байгаа юм.

Төслийн хүрээнд орчны тохижилт, ногоон байгууламж болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд дэд бүтцийн ажлын гүйцэтгэл 90 хувьтай, гадна тохижилтын ажил 19 хувьтай үргэлжилж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.