Баяр наадмын үеэр гарсан ой хээрийн болон объектын түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ тухай ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд "Долоодугаар сарын 10-наас өнөөдрийг хүртэл 11 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Баян-Өлгий, Сэлэнгэ, Булган, Дорнод аймагт 11 удаагийн түймэр бүртгэгдсэнээс тавыг нь унтраасан бол Сэлэнгэ аймгийн сумын Ерөө, Хүдэр сумын нутагт гарсан хоёр түймрийг цурамд оруулж, дөрвөн түймрийг хяналтад авахаар 90 гаруй алба хаагчид ажиллаж байна.
Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын албан хаагчдыг нэмэлтээр авч, нисдэг тэргээр Сэлэнгэ аймагт гарсан түймрийн цэгт хүргэж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд хуурайшил ихтэй, үүл буудсан ч хур бороо түймэр унтраах хэмжээнд хүрээгүй.
Дорнод аймгийн Халхгол, Баян-Өлгий аймгийн Бага түргэний хүрхрээ буюу иргэдийн хамгийн их очиж байгаа бүс нутагт гарсан түймрийг унтраасан.
Иргэд аялал зугаалгаар зорчихдоо галын аюулаас урьдчилсан сэргийлэхийг анхааруулж байна" гэлээ.
Он гарснаас хойш объектын гал түймрийн 2,814, ой хээрийн гал түймрийн 182 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|