Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Дамдинсүрэн: Баярын үеэр усны осол, объектын гал түймэр, үерт нийт 20 хүн амь насаа алдсанаас зургаа нь хүүхэд

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баяр, наадам амралтын өдрүүдийн гол, ус, ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ОБЕГ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн "Баярын амралтын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд 513 орчим албан хаагч ажиллалаа.

Эрэн хайх аврах ажиллагааны 21, объектын гал түймрийн 45, усны ослын 16, ой хээрийн гал түймрийн 11, гол болон шаварт суусан 9, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн 3, мал, амьтны гоц халдварт өвчний нийт 105 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Баярын үеэр усны ослоор 17, объектын гал түймэрт 1, үерт 2 нийт 20 хүн амь насаа алдсанаас зургаа нь хүүхэд байна. Тухайлбал нийслэлийн нэг дүүрэг, найман 10 суманд усны ослын 16 тохиолдлоор том хүн 13, дөрвөн хүүхэд амиа алдаж, таван хүний амь насыг аварсан.

Ослын шалтгаан нь архи согтууруулах ундаа уусан үедээ гол руу орох, бага насны хүүхдээ гол дагуу тоглуулж үлдээх, завь, хөвөгч хэрэгслийг ашиглаж ус руу орсон зэрэг байна.

Баянхонгорт буусан гэнэтийн уруйн үерт бага насны хоёр хүүхэд эндсэн харамсалтай явдал болсон" гэж мэдээллээ.

Он гарснаас хойш 12 аймгийн 22 сум, нийслэлийн гурван дүүрэгт усны ослын 40 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн амь насаа алджээ.