Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төрийн есөн хөлт их цагаан тугийг цэнгүүлэх ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.
Их цагаан тугийг Төрийн ордноос жанжин Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэх үед Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн ая эгшиглэж, их цагаан тугийг цэнгүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан заллаа.
Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр цэнгүүлж, наадмын нээлтийн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэн залдаг уламжлалтай юм.
Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэн залах журамд заасны дагуу Төрийн тугийг хүндэтгэн залах ажиллагааг төрийн хонжин, тэргүүн тугч, тугчид гүйцэтгэх бөгөөд төрийн ёслолын торгон цэрэг хамгаалдаг.
Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон цагаан зүсмийн азарганы дэл, сүүлээр хийдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|