Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны хорооллоос Нарны зам буюу хотын төв рүү хүрэх боломжтой төмөр зам дээгүүрх явган хүний гүүрэн гарцыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж, өчигдөр ашиглалтад ороод буй.
Уг гүүрэн гарцын хийцлэл болон тохижилтын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын гүүрний хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодруулснаар гүүрэн гарцыг барих ажил 2024 онд эхэлжээ. Бүхэлдээ угсармал металл хийцтэй гүүр бөгөөд Хятад улсын үйлдвэрт хэсэгчлэн бэлдсэн металл хийцүүдийг Монголд авчирч, угсарсан байна.
Тэрбээр "Гүүрэн гарцын өндөр 8 метр, урт 100 метр, зорчих хэсгийн өргөн 3.6 метр, иргэд зорчих хэсэг буюу шалыг төмөр фасадын зориулалтын будгаар будсан. Тэргэнцэртэй болон дугуйтай иргэн зорчих налуу замтай, орох, гарах хэсэгт хаалгагүй, гүүрэн гарцын дотор талд зорчих хэсэг, налуу зам, шатны хоёр талд бариултай, саравчтай гүүрэн гарц юм.
Дотроо 124 ширхэг гэрэлтүүлэгтэй. Нарны замын гэрэлтүүлгийн самбараас шон татаж цахилгааныг холбосон тул нийслэл хотын гудамжнуудын гэрэлтүүлэгтэй адил цагаар асаж, унтарна. Өөрөөр хэлбэл шөнийн цагаар явган хүний гүүрэн гарцын гэрэл байнга асаалттай байна гэсэн үг. Гүүрэн гарцыг барих нийслэлийн төсөв 2.8 тэрбум төгрөг.
Нарны хороолол орчмын иргэд автомашин ашиглахгүйгээр уг гүүрэн гарцаар зорчиж Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр буюу хотын төв хэсэг рүү хүрнэ" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!