2025 оны долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Энэ сард баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй багатай байх боловч төвийн нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна. Иймд гол мөрний усны түвшин нэмэгдэх, болзошгүй үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Түүнчлэн энэ жилийн дундаж салхины хурд их байгаатай холбоотой дуу цахилгаантай аадар борооны өмнө салхи түр зуур ширүүсэх зэрэг нөөлөг салхины болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.
Долоодугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8...14°С, Увс, Говь–Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20...26°С, бусад нутгаар 14...20°С дулаан байдаг байна.
Долдугаар сарын агаарын дундаж температурын ОЖД болон энэ жилийн долдугаар сарын урьдчилсан төлөв. /Д–агаарын температур ОЖД–аас дулаан/
2025 оны 7–р сарын агаарын дундаж температурын урьдчилсан төлөв
7-р сарын агаарын температурын ОЖДДолдугаар сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсгээр 70–100 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна.
Долдугаар сарын хур тунадасны ОЖД болон энэ жилийн долдугаар сарын урьдчилсан төлөв. /И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим, Б–хур тунадас ОЖД–аас бага/
2025 оны 7–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан төлөв
7-р сарын нийлбэр хур тунадасны ОЖДБаруун аймгуудын нутгаар.
Агаарын температур: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар халж, дундаж температур гуравдугаар арав хоногийн дунд үе хүртэл ОЖД–аас 2–5°С–аар дулаан байх бол гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх төлөвтэй байна.
Хур тунадас: Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр ОЖД-аас бага, Баянхонгорын өмнөд хагаст ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүхэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд зарим газраар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар.
Агаарын температур: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх бол гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх төлөвтэй байна.
Хур тунадас: Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр түр зуурын аадар бороо, бороо орж, ихэнх нутгаар сэрүүн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар:
Агаарын дундаж температур: Нийт нутгаар ОЖД–аас дулаан. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3°С–аар сэрүүн байх төлөвтэй байна.
Хур тунадас: Нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар аадар бороо, бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дүнд үеүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
Говийн аймгуудын нутгаар:
Агаарын дундаж температур: Нийт нутгаар ОЖД–аас дулаан. Агаарын дундаж температур нэг болон хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1–5°С–аар дулаан байх бол гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас бага зэрэг сэрүүн байх төлөвтэй байна.
Хур тунадас: Нийт нутгаар ОЖД–аас ахиу байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар халах төлөвтэй байгаа хэдий ч нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд дуу цахилгаантай аадар бороо орно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!