Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр худалдаа, үйлчилгээний талбайг найман секторт хувааж, 120 цэгт үйл ажиллагаа явуулна. Ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглох аж.
Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн "Нийслэлийн иргэдийн баярыг зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон байгаа.
Баярын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 100 гаруй ААН, иргэн үйл ажиллагаа явуулна. Хоолны үйлчилгээ үзүүлэх бол хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, онлайн бизнес төвийн системд бүртгэгдсэн, тогоочийн мэргэжлийн үнэмлэх, ажилтнууд нь сүүлийн зургаан сарын хугацаанд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан цагаан дэвтэр, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, албан хүсэлтийн хамт дүүрэгтээ илгээнэ. Дүүргүүдээс зөвшөөрөл олгоно.
Худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх иргэн, ААН-үүдэд тавигдах шаардлага нь дээрх хоол үйлдвэрлэлтэй адилхан.
Хүй долоо худгийн талбай нь найман сектортой.
А, H буюу хойд талын хоёр секторт есөн дүүргийн хүндэтгэл, соёлын гэр байршина.
В секторт үндэсний томоохон үйлдвэрлэгчид болон мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа явагдана.
C, D, E секторт хоол үйлдвэрлэл болон худалдааны чиглэлээр зөвшөөрөл авсан иргэн, ААН-үүд үйл ажиллагаа явуулна.
Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэн, ААН-үүд асарт бус монгол гэрт хоолоо хийнэ.
E секторт трак буюу явуулын хоолны машинуудыг байршуулна.
G, F секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоомууд ажиллуулна.
Нийслэлийн иргэдийн баярын үйлчилгээний болон соёлын талбайд ил задгай худалдаа хийлгэхгүй. Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах гэж Хүй долоо худгийг зорьсон иргэд, ААН-үүд анхаараарай.
Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоо худагт нийслэлийн иргэдийн баярт зориулж тохижилт, бэлтгэлийг хангаж байна, иргэд өргөнөөр ирэхийг урьж байна" хэмээн мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!