Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд 2,206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1,736 иргэнтэй гэрээ байгуулж, нөхөн олговрыг өгчээ.
Харин зөвшилцөлд хүрээгүй 200 орчим айл үлдсэн талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр "Сэлбэ дэд төвийн нийт 158 га газрын нөлөөлөлд 2,206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сард нийгэм эдийн засгийн судалгаа болон санал асуулгыг иргэдээс авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн юм.
Өнөөдрийн байдлаар 1,736 иргэнтэй гэрээ байгуулж, нөхөн олговрын мөнгийг дансанд нь шилжүүлж, 1,562 иргэний чөлөөлсөн газрыг цэвэрлэж байна.
Газраа чөлөөлөөгүй үлдсэн 280 орчим иргэнтэй өдөр бүр уулзалт хийж байгаа юм. Эдгээр иргэний ихэнх нь хамтран өмчлөгчөө хасуулах, байшингаа улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг бичиг баримтын зөрчилтэй. Харин 30 орчим иргэн газраа өгөхгүй гэсэн тул сонсох ажиллагаа зохион байгуулж байна" гэж мэдээллээ.
Сэлбэ дэд төвийн орон сууцыг барих тендерийг зарласан бөгөөд "Сэлбэ 20 минут хот" корпорац хариуцаж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!