ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Тэмүүлэн: Зайсангийн хуучин гүүрийг нураах ажил өнөөдөр бүрэн дуусна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул гол дээгүүрх Зайсангийн хуучин гүүрийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас буулгаж эхлээд буй. Ажлын явцын талаар албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын гүүрний хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн "Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар хуучин гүүрийг буулгах, шинэ гүүрний шон суурийг байгуулах, дам нурууг зөөх ажил хийгдэж байна" гэв.

"ЗМЗ" ХХК-ийн гүүрний инженер Ш.Тэмүүлэн "Зайсангийн хуучин гүүрний 13 алгаслаас нэг ширхэг үлдсэн, өнөөдөр 100% нурааж дуусгана. 

Шинэ гүүрний дам нурууг "Улаанбаатар БҮК" компанид үйлдвэрлэж байгаа юм. 50 ширхэг дам нуруу авах ёстойгоос 26 ширхгийг зөөж авчирлаа. 18, 21, 25 метрийн алгасалтай дам нурууг зөөх ажил дөрөвдүгээр сард дуусна. 

Гүүрний шон суурийн арматурыг өвлөөс бэлтгэж дууссан. Одоо тулгуурын арматурыг бэлтгэх ажил үргэлжилж байна.

70 ширхэг шон суурийг газрын түвшнээс доош 17 метрийн гүнд суурилуулахаас өдөрт хоёр ширхгээр буюу 26-г цутгаж дуусган усны гурван ширхэг цоргыг гаргалаа. Уг ажлын явц 30%-д хүрсэн.

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлыг зургаадугаар сард дуусгахаар ажиллаж байна.

Талбай дээр дөрвөн инженер ажиллаж байгаа бөгөөд бусад ажилтнуудад хөдөлмөр хамгааллын зааварчилгааг өдөр бүр өгч байгаа юм" гэж мэдээллээ.

Хуучин гүүрийг шинэчлэх ажлыг "ЗМЗ" ХХК-ийн хамт олон гүйцэтгэж байгаа билээ.