Утааны асуудлаар сонсгол хийхийг шаардаж, эрх баригчдаас дорвитой шийдэл нэхсэн иргэд өнөөдөр нийслэлийн төв талбайд цуглаж, үзэл бодлоо илэрхийлж байна.
Тайван жагсаал хийж буй иргэд арванхоёрдугаар сарын гол сэдвийг утааны тухай байлгаж, утааны асуудлыг нэг мөр шийдэхийг шаардъя хэмээн уриалж байгаа юм. Мөн хүн бүр төв талбайд цуглаад байж чадахгүй учраас байгаа газраасаа, олон нийтийн сүлжээгээр болон цахим гарын үсгээ цуглуулах зэргээр асуудлыг шийдэхэд оролцоотой байя хэмээн уриалцгааж байв.
Иргэн Ч.Ганжавхлан "Бидний тавьж буй гол асуулт нь төрийнхөөс "Та нарт төлөвлөгөө байна уу" гэж байгаа юм. Дөрвөн жилийн дараа ч, найман жилийн дараа ч иймээрээ л байна гэвэл бид ч бас үр хүүхдээ бодъё.
Төр үүнийг шийдэх ёстой. Бид төлсөн татвараараа төсвийг бүрдүүлж, та нар үүнд ямар нэг арга хэмжээ авах ёстой. Гэтэл нэг пост бичихэд 1,200 аав ээж бид коридорт хэвтэж байна, манай хүүхэд хатгаатай, 7-10 хоног хэвтэж байна гэсэн байгаа. 1,200 сэтгэгдлийг нэгтгээд харвал аймшигтай судалгааны дүн болно. Бодитой, зураг хөрөгтэйгөө бий.
Миний хүүхэд муухай амьдраасай гэдэг нэг ч аав ээж байхгүй. Гэтэл өнөөдрийн утаагаар амьсгалснаар 20 жилийн дараа гэхэд тун хүнд өвчтэй, улс даяараа нэгнээсээ хагалгаанд орох хандив гуйх аюулын харанга дэлдээд байна.
Амьдрах, амьд явах эрх нь зөрчигдөж буй энэ газар бид хүүхдээ хөгжүүлээд, хамгаалаад ямар үр дүн байна вэ. Хүүхэд төрүүлж буй Эх нялхас нь хүртэл утааны голомтод байгаа" гэв.
Түүнчлэн цугласан иргэд утааны сонсголыг хотын төвд биш, нийслэлийн утаа бүхэлдээ харагддаг гэр хорооллын бүсэд хийхийг уриалж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!