Зөвлөлт Холбоот Улсын хошой баатар, БНМАУ-ын баатар, армийн генерал Исса Александрович Плиевийн хөшөөг түүний нэрэмжит Нийслэлийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуульд босгожээ.
Хөшөөний нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алексей Николаевич Евсиков, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб (ЗХЖШ)-ын орлогч, бригадын генерал Б.Баатар, уран барималч Арсен Михайлович Дзбоев, Азамбек Джанаевын нэрэмжит соёлын сангийн тэргүүн Заур Георгиевич Джанаев, Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн захирал Ж.Баярмаа болон И.А.Плиевийн үр хүүхэд, ач, зээ нар нь оролцсон юм.
Энэ үеэр Элчин сайд Алексей Николаевич Евсиков "Армийн генерал Исса Александрович Плиев бол Кавказын нутагт төрж өссөн, 1941 оны хүнд хэцүү үед Москвад, Европ, Куба болон Монголд алдар гавьяа байгуулсан өвөрмөц хувь тавилантай хүн.
Өнөөдөр Москвагийн тулалдаанд Улаан Арми эсрэг давшилт эхлүүлсний ой тохиож байна. А.Плиев бол БНМАУ-д хоёр ч удаа гавьяа байгуулсан. Тодруулбал Улаанбаатар хотод цэргийн зааварлагчаар ажилласан 1936-1938 онд Хянган, Мукдений ажиллагааны үеэр буюу Чөлөөлөх дайны үед Зөвлөлт, Монголын морьт механикийн нэгдүгээр бүлгийг удирдсан юм.
А.Плиев БНХАУ-ын Жэхэ буюу одоогийн Чэндэ хотод Японы 10,000 цэрэг бүхий гарнизоныг цэргийн заль мэх ашиглан нэг ч сум үрэхгүйгээр олзолсныхоо төлөө ЗХУ-ын баатраар хоёр дахиа, БНМАУ-ын баатар цолоор шагнуулсан юм" гэв.
Генералын хөшөөг түүний төрөлх нутгийн уран барималч Арсен Михайлович Дзбоевийн зураг төслийн дагуу хийсэн байна.
Сонирхуулахад 2020 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын тогтоолоор Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийг И.А.Плиевийн нэрэмжит болгосон аж.
Үүний дараа түүний хөшөөг босгох ажил эхэлсэн байна. Ингээд Осет нутгаас төрсөн бэлтгэл хурандаа Валерий Афайевич Битаев, ОХУ-ын ерөнхий прокурорын орлогч, Цэргийн ерөнхий прокурор Валерий Георгиевич Петров нар санхүүгийн дэмжлэг үзүүлснээр хөшөөг барих ажлыг эхлүүлснээ Элчин сайд онцолжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!