БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөний нээлт өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны зүүн хойд хэсэгт боллоо.
Армийн генерал И.А.Плиевийн цээж хөшөөг Зайсан толгойн зүүн хойно “Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөө”-ний өгсөх шаттай зэрэгцээ, хойд зүг рүү харуулан байршууллаа.
Чадварлаг командлал, баатарлаг ур чадварыг нь үнэлэн 1944, 1945 онд ЗХУ-ын баатар цол олгосон нь түүнийг ямар удирдагч, командлагч болохыг харуулсан хэрэг билээ.
Лениний одон ба "Алт Од" медаль гардуулсан. Армийн генерал И.А.Плиев нь ЗХУ төдийгүй БНМАУ-ын Баатар цол хүртсэн эрхэм. Түүний байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж АИХ-ын Тэргүүлэгчдийн 1971 оны тавдугаар сарын 7-ны өдрийн зарлигаар И.А.Плиевт Монгол Улсын Баатар цол олгож, баатрын Алтан таван хошуу медаль, Сүхбаатарын одонгоор шагнажээ. Түүнчлэн 1985 онд Монголын Ардын армийн Мотобуудлагын хороог түүний нэрэмжит болгосон аж.
Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн, Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович болон бусад албаныхан оролцов.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!