Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх зам засварын ажлыг зогсоох санал асуулгад өчигдөр 1,308 иргэн оролцсоноос 90% нь дэмжихгүй гэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод одоо үргэлжилж байгаа болон хийгдэхээр төлөвлөсөн бүх зам засварын ажлыг зогсоох талаар иргэдээс санал авч эхлээд нэг хоногийг үдлээ.

Тодруулбал өчигдөр буюу есдүгээр сарын 11-нд эхэлсэн "Зам засварын ажлыг зогсоохыг та дэмжиж байна уу" асуулттай зөвхөн тийм, үгүй сонголттой санал асуулгад өнөөдрийг хүртэл 1,308 иргэн оролцсоноос 1,177 буюу 90% нь үгүй гэж хариулжээ. Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх эмэгтэй байна.

Санал асуулгыг https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авч байгаа бөгөөд энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэ жил хотын хэмжээнд 87 байршилд зам засварын ажил хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс 27 байршилд засварын ажил бүрэн дуусжээ. Үлдсэн 60 байршилд засварын ажлыг үргэлжлүүлэх үү эсвэл зогсоох уу гэдгийг иргэдийн саналыг үндэслэж шийдвэрлэх аж.

Хэрэв зам засварын ажлыг зогсоохыг иргэд дэмжвэл зам засвар болон бродюр сольсон төсөв зах зээлийн өнөөгийн ханштай нийцэж буй эсэх бүтээн байгуулалтыг гүйцэтгэгч байгууллагыг шалгаруулах тендер шударга явагдсан уу үгүй юу гэдгийг аудитын байгууллага, Авлигатай Тэмцэх газраар шалгуулахаа Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн юм.

АН-ын зарим гишүүн 23 мянган төгрөгийн үнэтэй бродюрыг 132 мянгаар авсан гэх асуудалд түүнээс тайлбар нэхэж буй.