2024 оны улсын төсвийг тодотгож, зардлыг 3.1 их наядаар нэмэгдүүлэхээр байгаа.
Тодотголтой холбоотойгоор Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс санаачлан Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, эдийн засагчдыг оролцуулсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулсан.
Энэ үеэр сэтгүүлчид Сангийн Яамнаас орлогоо хэрхэн төсөөлж буй талаар болон нүүрсний үнэ буурах эрсдэлийг хэрхэн тооцоолж байгааг нь тодруулав.
Ингэхэд Сангийн яамны Санхүү,төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо "2024 оны төсвийн тодотгол дээр тэнцвэржүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаа. Хамгийн гол нөлөө үзүүлж байгаа нь уул уурхайн экспорт. 2024 оны төсвийг анх баталж байх үед нүүрсний экспортыг 60 сая тонн байна гэж төлөвлөсөн. Тэгвэл наймдугаар сарын 23-ны байдлаар 53 сая тонн нүүрс гаргачхаад байна. Энэ жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 75 сая орчим тонн нүүрс гаргах хүлээлттэй байна.
Нүүрсний биет хэмжээ нэмэгдэж байна. Мөн манай экспортын гол түүхий эд болох зэсийн үнэ өндөр байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн тухайд өнөөдрийн хувьд шууд ирсэн эрсдэл байхгүй. Мөн уул уурхайн экспорт нэмэгдэж байгаатай холбоотойгоор эдийн засаг идэвхжиж байгаа. Уул уурхай дагасан компаниудын ашигт ажиллагаа нэмэгдэж, тэр хэрээр татварын орлого өсөж байна. Бид эхний зургаан сарын гүйцэтгэл дээр үндэслээд үлдэх хугацааны орлогыг тооцсон. Оны эцэс гэхэд анхны батлагдсан төсвөөс ойролцоогоор гурван их наяд төгрөгөөр илүү байх боломжтой гэж төсөөлсөн" гэж хариуллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!